ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ VIII хэсэг. Тусгай хамгаалалтын арга хэмжээ А. Онцгой нөхцөл дэх хүүхдүүд 22-38 дугаар зүйлүүд 208. Монгол Улсад дүрвэгч хүүхдийн асуудал нийтлэг асуудал биш юм. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд гадаадын дүрвэгсдийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад оршин суух боломжийг олгосон. Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуульд (1993 он) цагаачлал хүссэн хүнд цагаачлал хүссэн шалтгаан нь Монгол Улсын бодлогод нийцэж байвал улс төрийн орогнол олгоно гэж заасан. Дүрвэгсдийн эрх зүйн байдлын талаарх эцсийн шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргана. 209. Дээрх хуулийн 7 дугаар зүйлд бага насны хүүхэд зөвхөн эцэг, эх болон асран хамгаалагч харгалзан дэмжигчийн хамт гадаадад зорчих болон цагаачилна гэж заасан. 16-18 насны хүүхэд эцэг, эхтэйгээ цагаачлах тохиолдолд тухайн хүүхдийн бичгэн зөвшөөрөл шаардлагатай. Бичиг баримтын хувьд гэвэл хүүхэд гадаад оронд зорчих паспорт авах эсвэл эцэг, эх эсвэл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн паспортоор гарч болно. 210. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 38 дугаар зүйл Монгол Улсын хууль тогтоомжид тодорхой заагдсан. Цэргийн алба хаах насны доод хэмжээг 18 насаар тогтоосон. 18 нас хүрээгүй хүн цэргийн алба хаахгүй. Монгол Улсад цэргийн алба хаах дундаж нас бол 18-19 нас юм. Б. Хууль зөрчсөн хүүхэд 40 дүгээр зүйл 211. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу 16-аас дээш насны хүүхэд эрүүгийн гэмт хэрэгт хариуцлага хүлээнэ. Гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүүхдүүдэд хэд хэдэн хөнгөлөлтүүд байдаг. Эдгээр нь гэмт хэргийн шинж, хүүхдийн нас зэргээс хамаарна. Түүнчлэн насанд хүрээгүй хүүхдэд цаазаар авах ял оногдуулахгүй байхаар заасан. Гэмт хэрэг үйлдсэн хүүхдэд чиглэсэн хууль зүйн арга хэмжээ нь хүүхдийг сургах, үйлдсэн гэмт хэргээ ухамсарлахад чиглэгддэг. 212. Сүүлийн жилүүдэд хууль зөрчсөн хүүхдийн тоо ихсэж байна. Энэ нь орон гэргүй хүүхдийн тоо ихсэж байгаа болон амьжиргааны түвшин буурч байгаатай холбоотой. Жишээ нь 1992 онд 885 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон бол 1993 онд 1247 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна. 49

اختر الفقرة المستهدفة3