ЗУРГАДУГААР БҮЛЭГ
10 жил суралцах нь хүүхдүүд суурь боловсролоо бэхжүүлэх, цаашид ажиллах тодорхой
салбарыг сонгох боломжийг олгоно. Нэн тэргүүний зорилт бол боловсролын бүтцийг
(6+2+2) байдлаар зохион байгуулж хүүхдэд суурь боловсрол эзэмшүүлэх явдал юм.
205. Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг дараах зарчмууд дээр үндэслэн
боловсруулсан.
а. Үндэсний соёл уламжлал болон үнэт зүйлст тулгуурлан хүүхдийн хүн
төрөлхтний соёл иргэншлийн талаарх мэдлэгийг баяжуулах;
б. Боловсролд нөлөөлж буй улс төр, үзэл суртлыг арилгах;
в. Шинжлэх ухаан, технологи, эдийн засгийн ололт амжилтыг үр бүтээлтэйгээр
нэвтрүүлэх;
г. Онол, практикийг хослуулах;
д. Хүүхдийн насны онцлогт тохирсон тогтолцоог нэвтрүүлэх;
е. Сургалтын орчин үеийн технологийг нэвтрүүлэх;
ё. Монголын үндэсний бичгээр сургалт явуулах арга барилыг боловсруулах,
хэрэгжүүлэх;
ж. Орчин үеийн техник хэрэгсэл болон бусад сургалтын хэрэглэгдэхүүнийг
өргөнөөр ашиглах;
206. Хүүхдийн авьяасыг эртнээс хөгжүүлэх, гоц авьяастай хүүхдүүдийн тусгай
сургууль байгуулахад онцгой анхаарал хандуулж байна. Хүүхэд болон эцэг, эх хүүхэддээ
хамгийн тохиромжтой сургуулийг сонгох эрхтэй.
207. Конвенцийн энх тайвныг сахих, нэр хүндээ хамгаалах, тэвчээртэй байх, эрх
чөлөө, тэгш эрх, эв санааны нэгдлийг эрхэмлэх үзэл санаагаар хүмүүжүүлэх, чөлөөт
нийгэмд хүүхдүүд хариуцлагатай амьдрахад бэлтгэх, ахмадууд, байгаль орчин, соёл
уламжлал, үнэт зүйлс зэргийг хүндэтгэх зэрэг гол заалтууд сургуулийн хөтөлбөрт
хангалттай тусгагдсан. Түүнчлэн хүүхдүүд олон байгууллагын гишүүнчлэлээр дамжуулж
өөрсдийн эрхээ эдлэх боломжоор хангагдсан. Жишээ нь “Миний эрин үе” байгууллага
гишүүддээ дараах уриаг дэвшүүлсэн.
Эх орон, ард түмнээ хайрлах;
Хэрхэн амьдрах талаар суралцах;
Бие махбод болон оюун ухааны хувьд ариун, эрүүл байх;
Монголын хууль тогтоомжийг биелүүлэх;
Дэлхийн бүх хүүхдийн эв нэгдлийг хангах.
48