62 ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА ёс суртахууны сөрөг үр дагавруудаас ялгаж үзэх нь чухал байна. Тухайлбал ажил, хөдөлмөр эрхэлснээр хүүхдэд гарах өөрчлөлтийн талаар нэгэн аймгийн ГБХЗХГ-ын ажилтан “Яах вэ, биеэ эрт даагаад сайн талтай гэж харж л байгаа юм. Гэхдээ тэдэнд эрсдэл өндөр байдаг. Гэмт хэрэгт холбогдох, газ үнэрлэх, тамхи татах эрсдэлтэй” гэж хэлсэн бол өөр нэгэн аймгийн ГБХЗХГ-ын ажилтан “Насанд хүрэгчдийн дунд ороод ирэхээрээ өөрийгөө том болчихсон, арай дээгүүр үнэлэх, том хүмүүсээс зан байдлын хувьд сайныг нь биш мууг нь сурах ч гэдэг юм уу тиймэрхүү өөрчлөлтүүд ажиглагддаг” гэж хэлэв. Эдгээр нь тодорхой ажлын байр, ажлын нөхцөлтэй холбогдоогүй тул конвенцод заасан зохицуулалттай шууд холбон дүгнэх боломжгүй ч хүүхдээр ажил хийлгэх нь сайн талтай гэж үзэхэд шүүмжлэлтэй хандах хэрэгтэй бөгөөд хөдөлмөрийн харилцаанд хүүхдийн ёс суртахууныг доройтуулахаас урьдчилан сэргийлэх зохицуулалт шаардлагатайг илэрхийлж байгаа гэж үзэж байна. Үүний зэрэгцээ ажил, хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд ажлын орчноос бус өөрийн гэр бүлийн гишүүдээс суралцан архи уух, тамхи татах зэрэг муу зуршилтай болсон, зан харилцааны алдаа, дутагдалтай болсон асуудлыг тухайн хүүхдийн эрхэлж байгаа ажил, хөдөлмөр түүнийг гүйцэтгэх нөхцөлтэй холбон үзэх нь буруу юм. Харин тодорхой ажлын байр, ажиллах нөхцөлтэй холбоотойгоор ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлж болох нөхцөл байдлын талаар дурдвал: • Нэгэн аймгийн цагдаагийн байгууллагын алба хаагч “Ээж, аав нь цайны газар, бар, ресторан ажиллуулдаг айлын хүүхдүүд архи согтууруулах ундаа худалдан борлуулж л байгаа” гэж хэлсэн бол өөр аймгийн цагдаагийн байгууллагын алба хаагч “Дэлгүүрт ажиллах нь 18 нас, худалдах нь 21 нас байгаа. Дэлгүүртэй айлын хүүхдүүд өөрсдөө архи, пиво хэрэглэх гээд байдаг талтай. Аав, ээжийнхээ эзгүйд архи, пиво, тамхинаас нь авч гараад найзтайгаа уух, тамхи татах шинж ажиглагдсан” гэжээ. Хогийн цэг дээр ажилладаг хүүхэд энэ талаар дурдахдаа “Газны үлдэгдэл хэрэглэдэг хүүхдүүд байгаа. Би бараг тэдэнтэй нийлдэггүй. Аав, ээж хоёр уурладаг” гэжээ. • МСҮТ-д сурдаг хүүхэдтэй эцэг, эхийн төлөөлөл хэлэхдээ “Хүүхдийг дадлагаар ажиллуулж байгаа хүмүүс нь хүүхдүүдтэй п... гэх мэтээр хэлэх хэлэхгүйгээр харааж загнадаг. Хариуцсан багшид нь хэлэхээр хүүхдүүд ажил, хөдөлмөр эрхэлж харилцаа сурах ёстой гэдэг. Тэднээс хүүхэд харилцаа сурах юм уу? Ер нь одоо үүнийг байгууллагын түвшинд, холбогдох байгууллагуудад хандъя гэж бодож байгаа. Дээр нь багш нар үе тэнгийн хүүхдүүдийг хүчирхийлдэг. Магадгүй эмэгтэй хүүхдийг оролддог асуудал хүртэл байгаа байх” гэсэн байна.

Выберите целевой абзац3