ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА
88
СУДАЛГААНЫ ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ, САНАЛ,
ЗӨВЛӨМЖ
Судалгааны ерөнхий дүгнэлт
Монгол Улсад ажил хийдэг, ялангуяа тэвчишгүй болон аюултай хэлбэрийн
хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд цөөнгүй байгаа боловч тэдний эрхийг хамгаалах,
хөдөлмөрөөс хөндийрүүлж нийгэмд эргэн нэгтгэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалт,
тогтолцоо төдийлөн үр дүнтэй хэрэгжихгүй байна. Жишээлбэл Хүүхэд хамгааллын
тухай хуулиар хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, хүүхдийг эрсдэлт нөхцөлд
өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх харилцааг
зохицуулсан ч хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зохицуулалт агуулаагүй
байна. Хүүхдийн хөдөлмөрийг илрүүлэх боломж багатай гэж үзэж болох хэдий ч
цаашид хүүхдийг хамгаалахын тулд хүүхдийн ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдлыг
илрүүлэх шаардлагатай байгаа тул тоон мэдээллийн санг илүү бодит, цогц судалгаанд
үндэслэн зохион байгуулж, үр дүнтэй байдлаар хяналт тавих нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай ОУХБ-ын 138 дугаар конвенцод
гишүүн улс бүр хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг нэн тэргүүнд устгахад
чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр заасан. Энэ
дагуу Засгийн газраас 2011 оны 303 дугаар тогтоолоор “Хүүхдийн хөдөлмөрийн
тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөр”-ийг батлан, 2012-2016 онд
хэрэгжүүлсэн боловч дараагийн шатны бодлого, хөтөлбөрийг батлаагүй байна.
Монгол Улс хэд хэдэн бодлого, хөтөлбөртөө хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй
хэлбэрийг хориглох, устгахтай холбоотой зүйл заалтуудыг оруулсан боловч одоогоор
хүүхдийн хөдөлмөрийг хориглох, устгахад тусгайлан чиглэсэн хүчин төгөлдөр
хөтөлбөр, нэгдсэн бодлогогүй байгаа нь энэ чиглэлийн үйл ажиллагааны үр дүнд
сөргөөр нөлөөлж байна.
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд, үүний дотор боолчлолын
хэлбэрүүд, хүн худалдах, хамжлага болгох, албадан хөдөлмөрлүүлэх, хүүхдийг
зэвсэгт мөргөлдөөнд ашиглах, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт,
биеэ үнэлэлт, садар самуунд болон бусад гэмт хэрэг, зөрчилд ашиглах, хохироох
асуудлаар манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжууд
хүчин төгөлдөр үйлчилж үр дүнгээ үзүүлж байна. Судалгааны үр дүнгээс үзэхэд
Зөрчлийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Эрүүгийн хууль зэрэг хууль тогтоомжид