Баримт бичгийн судалгаа. Судалгааны хүрээнд дараах гурван төрлийн бичиг
баримтад шинжилгээ хийсэн.
• Хууль эрх зүйн баримт бичиг – Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн
оролцоотой холбоотой үндэсний хууль, бодлогын баримт бичгүүдтэй танилцсан.
• Судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл – Шийдвэр гаргах түвшин дэх
эмэгтэйчүүдийн оролцооны чиглэлээр хийгдсэн ижил төстэй судалгааны
тайлантай танилцсан.
• Тоон мэдээлэл – Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог харуулсан
статистикийн тоо баримтууд, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн ерөнхий
зөвлөл болон бусад төрийн байгууллагуудын сонгуультай холбоотой бүртгэгдсэн
гэмт хэрэг, зөрчлийн судалгаа, мэдээллийг тайланд тусгасан.
Тоон судалгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч эмэгтэйчүүдийн
улс төрийн туршлага, оролцоо, сонгуулийн явцад тулгарсан эрхийн зөрчил, түүнийг
шийдвэрлэсэн байдлыг тодруулахын тулд орон нутгийн 631 эмэгтэйг хамруулсан
асуулга судалгааг зохион байгуулсан.
Дүрс 2. Судалгаанд хамрагдсан оролцогчид, орон нутгаар (n=631)
Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нийт
2174 нэр дэвшигч, 2020 онд 2172 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд хүйсийн мэдээллийг
нэгтгэж гаргаагүй байгаа нь эх олонлогийг тооцоход хүндрэлтэй байв. Судалгааны баг
эх олонлогийг тогтоохдоо 2016, 2020 оны нэр дэвшигчийн дундаж үзүүлэлтээр 3259 нэр
дэвшигч (нэг хүн 2 удаа дараалан эсвэл нэг хүн нэг л удаа өрсөлдсөн гэж тооцвол)
бөгөөд үүнээс ядаж 40 хувь нь эмэгтэйчүүд өрсөлдсөн гэж үзвэл судалгаанд 631
эмэгтэйг хамруулсан нь түүврийн төлөөллийг хангалттай гэж үзэх үндэслэл болж байна.
Судалгаанд оролцогчийн ерөнхий шинж байдал. Судалгаанд хамрагдсан
эмэгтэй нэр дэвшигчдийн 628 буюу 99.5 хувь нь эмэгтэй, 3 буюу 0.5 хувь нь ЛГБТК байв.
Насны бүтцийн хувьд 24-77 насны нийт 631 эмэгтэй хамрагдсан бөгөөд дундаж нь 44
нас байв. Нийт оролцогчдыг насны ангиллаар нь авч үзвэл 18-35 насныхан 18.4 хувь,
хамгийн олон нь 36-45 насныхан 38.8 хувь, 46-55 насныхан 33.1 хувь, 56-аас дээш
насныхан 9.7 хувийг эзэлж байна. Судалгааны үр дүнгээр 36-55 насныхан 71.9 хувь буюу
3