Түүнчлэн хүний биологийн нөхөн үржихүйг анагаахын болон шинжлэх ухааны аргаар дэмжих боломжтой болоод байгаа билээ. Жирэмслэхээс хамгаалах аюулгүй, үр дүнтэй, тохиромжтой хэрэгслээр эмэгтэйчүүд хүсээгүй жирэмслэлтээс сэргийлж чадаж байгаа нь шинжлэх ухааны дэвшлийн үр дүн мөн юм. 106 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага ШИГТГЭЭ 11. ШИНЭ ТЕХНОЛОГИ БА НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХ Анагаах ухааны дэвшил, шинэ технологийн ачаар урьд нь аварч чадахааргүй байсан хүндрэлтэй эх, нялхсын амийг аварч байгааг онцлон дурдах нь зүйтэй. Хөгжил нь шинэ төрлийн эмчилгээг авч ирэхээс гадна зарим тохиолдолд эмчилгээний өнөөгийн хэлбэрийг илүү хүртээмжтэй болгодог. Гэвч бүх шинэ технологи үр ашигтай байдаг гэж ойлгож болохгүй. Үр шилжүүлэн суулгах зэрэг жирэмслэлтийг дэмжих зарим арга хэрэгслийн талаар ёс зүйн асуудал дэвшүүлж байсан нь цөөнгүй. Хүн ам, хөгжил сэдэвт олон улсын бага хурлын үеэр “хувь хүн болон хосууд хүүхдийн тоо, хүүхэд төрүүлэх хоорондын хугацааг чөлөөтэй бөгөөд хариуцлагатай шийдвэрлэх үндсэн эрхтэй, энэ асуудлаар хангалттай боловсрол, мэдээлэл олж авах эрхтэй байх” талаар хэлэлцсэн бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар, ганц бие учраас эсвэл ижил хүйстэндээ татагдах бэлгийн чиг баримжаатай учир хүүхэд төрүүлэх боломжгүй байгаа хүн үр шилжүүлэн суулгах зэрэг шинжлэх ухааны аргаар хүүхэдтэй болох эрхтэй гэсэн асуудлыг гарган тавьсан юм. Мөн ХДХВ/ДОХ-той эрэгтэй хүн шинжлэх ухааны аргаар вирус халдварлуулахгүйгээр хүүхэдтэй болох асуудал яригддаг. Хүний эрхийн олон улсын баримт бичигт зааснаар эдгээр нь хүний нөхөн үржихүйн эрхэд багтахаар байж болох боловч зарим асуудал нь нөхөн үржихүйн эрхээс давсан, зарим тохиолдолд өндөр үнэтэй тул тухайн хүнийг хөрөнгө чинээгээр нь ялган харьцахаас аргагүй нөхцөл байдлыг бий болгож байна. Түүнчлэн дэлхий дахинд тээгч эх ашиглан хүүхэдтэй болох асуудлыг нэг мөр шийдэж чадаагүй байна. Олонхи улс оронд тээгч эх байхыг хориглосон бол Америкийн Нэгдсэн Улс, Энэтхэг зэрэг улсад хуулиар зөвшөөрсөн байна. Нэг талаас ядуу болон эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын тулд тээгч эх байхыг хориглох нь зүйтэй гэж үздэг бол нөгөө талаас ийнхүү хориглох нь хүний өөрийн бие махбодтой холбоотой шийдвэрийг өөрөө гаргах эрхийг зөрчинө гэж маргадаг байна. Энэ асуудал нь улмаар эцэг, эхийн эрх, бусад хүний эрх болон төрөөгүй байгаа хүүхдийн эрх гэсэн гурван талын эрхийг хэрхэн тэнцвэржүүлэх тухай асуудалтай холбогддог. Технологи хөгжин дэвшиж, улс орнууд глобалчлагдан илүү их харилцан хамааралтай болж байгаа тул өөр олон асуудал гарч ирэх нь тодорхой юм. Иймд ХЭҮБ-ууд нь нөхөн үржихүйн эрхийн асуудлаар ажиллахдаа хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн, ХЭҮБ-ууд, бусад үндэсний байгууллагуудтай харилцаж, нөхөн үржихүйн эрхийн ямар шинэ асуудал үүсэж байгаа болон үүнийг хүний эрхийн хүрээнд хэрхэн шийдвэрлэж болохыг байнга анхаарч ажиллах шаардлагатай юм. Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 107

Select target paragraph3