ТЭМДЭГЛЭЛ
1958
АЛАГЧЛАХГҮЙ БАЙХ (АЖИЛ МЭРГЭЖИЛ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ) ТУХАЙ
ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 111 ДҮГЭЭР КОНВЕНЦ
Энэхүү конвенцыг дагаж мөрдөж байгаа гишүүн орон бүр ажил
мэргэжил, хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон аливаа ялгаварлан
гадуурхалтыг бүр мөсөн устгах зорилгоор ажил мэргэжил, хөдөлмөр
эрхлэлтийн салбарт тэгш боломж, хандлагыг дэмжихэд чиглэсэн
үндэсний бодлогыг тухайн улсын нөхцөл байдад, дадалд тохирсон
аргаар тодорхойлж хэрэгжүүлэх (2 дугаар зүйл) үүрэг хүлээнэ. Мөн
конвенцоор улс орнууд арьс өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн
үзэл бодол, үндэсний болон нийгмийн гарлаар хөдөлмөр эрхлэлтэд
ялгаварлахыг хориглосон хууль тогтоомж баталж, ижил тэгш боломжийг
хангаагүй хууль тогтоомжийг халахыг шаарддаг болно.
1975
ЦАГААЧ АЖИЛЧДЫН ТУХАЙ (НЭМЭЛТ ЗААЛТУУД) ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН
БАЙГУУЛЛАГЫН 143 ДУГААР КОНВЕНЦ
Тус конвенцод хууль бусаар, зөвшөөрөлгүй нууцаар шилжин суурьших
явдалтай тэмцэх арга хэмжээ болон бүх цагаач ажилчдын үндсэн
эрхийг хүндэтгэх ерөнхий үүргийг тусгасан байна. Түүнчлэн хөдөлмөр
эрхлэх зорилгоор шилжин суурьших тухай Олон улсын хөдөлмөрийн
байгууллагын 97 дугаар конвенцод хууль ёсоор оршин суугаа цагаач
ажилчид болон дотоодын ажиллагчдад эрх тэгш хандахаар заасан
асуудлын хүрээг уг конвенцоор өргөжүүлсэн байна. Тиймээс тус
конвенцыг соёрхон баталж, нэгдэн орсон улс орнууд нутаг дэвсгэртээ
хууль ёсоор оршин суугаа цагаач ажилчид, тэдгээрийн гэр бүлийн
гишүүдэд хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжил, нийгмийн хамгаалал,
үйлдвэрчний эвлэл, соёлын эрх, хувь хүний болон хамтын эрх чөлөөний
хүрээнд тэгш боломж олгож, адил тэгш хандах ёстой. Мөн конвенцоор
улс орнууд нь нутаг дэвсгэртээ хууль ёсоор оршин сууж буй цагаач
ажилчдын гэр бүлийг нэгтгэхэд дэмжлэг үзүүлэхийг уриалдаг байна.
1997
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ХУВИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ОЛОН УЛСЫН
ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 181 ДҮГЭЭР КОНВЕНЦ
Энэхүү конвенцоор “сайн ажиллагаатай хөдөлмөрийн зах зээлд
хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагууд үүрэг гүйцэтгэж болох
юм” гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Конвенцын зорилго нь хөдөлмөр
эрхлэлтийн хувийн байгууллагад ажиллах боломж олгохын зэрэгцээ
тэдгээрийн үйлчилгээг авч байгаа ажиллагчдыг хамгаалахад
(2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг) чиглэсэн байна. Конвенцод зааснаар
хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллага нь ажиллагчдаас шууд
болон шууд бусаар бүрэн болон хэсэгчилсэн ямар ч төлбөр хураамж,
бусад зардал авах ёсгүй (7 дугаар зүйл) байна.
1998
ХӨДӨЛМӨРИЙН ХҮРЭЭНИЙ СУУРЬ ЗАРЧИМ БА ЭРХИЙН ТУХАЙ ТУНХАГЛАЛ
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын бүх гишүүн улс нь холбогдох
конвенцуудыг соёрхон баталсан эсэхээс үл хамаарч энэхүү
тунхаглалд тодорхойлсон хөдөлмөрийн хүрээний дөрвөн суурь
зарчим ба эрхийг хүндэтгэх, дэмжих, хэрэгжүүлэх ёстой.
Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага |
11