80 ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА Унаач хүүхдийн бие, эрүүл мэндэд гарах өөрчлөлт болон бэртэл, гэмтэл Унаач хүүхдүүдтэй хийсэн ганцаарчилсан ярилцлагын үеэр “Хүүхдүүд хурдан морь унаснаар биед гарах нийтлэг өөрчлөлтүүдийг тодорхойлсон зүйл байхгүй байна. Унаач хүүхдүүд морин дээрээ тонгойж явдаг тул уралдааны явцад нуруу, хөл өвдөх зэргээр биед мэдрэгддэг” гэж хэлсэн. Аймгийн цагдаагийн байгууллагын алба хаагчаас унаач хүүхдүүдийн биед гарах өөрчлөлтийн талаар асуухад “унаач хүүхдүүд бусад хүүхдээс илүү чанга биетэй болсон байдаг” гэж хариулсан. Нэгэн аймгийн ГБХЗХГ-ын ажилтан “Үнэн, худлыг нь мэдэхгүй хүүхдийн өсөлтийг зогсоох зүйл өгдөг гэж сонссон” гэж хариулсан бол нэгэн аймгийн ЗДТГ, ИТХ-ын Ажлын албаны ажилтнуудтай хийсэн ярилцлагаар “Хүүхдүүд жүжигчилсэн тоглолтондоо унаач хүүхдэд өсөлт зогсоох эм өгч байгаа үйл явцыг дүрсэлсэн байсан. Ам дамжсан ийм яриа байдаг. Үнэн худлыг нь мэдэхгүй” гэв. Хэдийгээр унаач хүүхдийн биед гарах өөрчлөлтийг нийтлэг байдлаар тодорхойлсон үр дүн чанарын судалгаанаас гараагүй боловч Биеийн тамир, спортын улсын хорооны спортын мэргэжлийн эмч нартай хамтран 21 аймгийн 8-14 насны хурдан морь унаач 80 хүүхдийн бие бялдрын ерөнхий хөгжилд судалгаа хийсэн. Хэвийн хөгжилтэй хүүхдүүдтэй харьцуулахад нийт хурдан морь унадаг хүүхдүүдийн 12 хувьд нь цээжний хэлбэр шөвгөр, 28 хувьд нь хэт хөнгөн ясны бүтэцтэй биеийн хэв шинж, 8,75 хувьд нь нурууны нэг тал руу мурийсан мурийлттай, 8,75 хувьд нь хөлийн ул хавтгай болсон, 6,25 хувьд нь шувуун цээжтэй гэсэн байна. Өмнөх судалгааны статистик мэдээнээс харахад жил бүр хүүхдийн бэртэл гэмтлийн тоо цөөрч байгаа ч амь нас эрсдэх, бэртэл, гэмтэл явдал гарсаар байна. Ганцаарчилсан ярилцлагын судалгааны явцад унаач хүүхдүүдээс бэртэл, гэмтэл авч байсан эсэх талаар асуухад дараах хариултыг өгчээ. Үүнд: • Эмнэг морины амыг дийлэхгүй мориноосоо унах, морьтойгоо бөмбөрөх тохиолдол их гардаг. Манай найз олон удаа толгойгоо хагалсан. • Соёолон морь унаж, сунгаанд явахад миний олом тайлагдаад мориндоо чирэгдсэн. Ашгүй гутал сугараад үлдсэн. Хэвтэж байхдаа чихээ хөлдөөсөн. Намайг босож чадахгүй болохоор машинтай ирж авсан. Гэхдээ эмнэлэгт үзүүлээгүй. • Миний хувьд их хүнд гэмтэж байгаагүй. Гэхдээ мориноос унаж хүнд бэртсэн хүүхэд олныг мэднэ. Тархи хөдлөх, шалбарах, цус гарах бол наад захын асуудал. Тэднийг ер нь эмнэлэгт үзүүлдэггүй. Өөрсдөө л хэсэг хугацааны дараа эдгэрдэг гэж боддог. • Бороонд морь халтирч унах нь осолтой учир хэцүү санагддаг зэрэг болно.

اختر الفقرة المستهدفة3