БҮЛЭГ 4. ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
83
ерөнхийдөө хүсэл зоригийнх нь эсрэг, албадах, үл хайхрах, мөрдөн мөшгөх,
заналхийлэх, хязгаарлах, гутаан доромжлох хэлбэрээр сэтгэл санаанд айдас,
түгшүүр, шаналал үүсгэхүйц нөхцөл унаач хүүхдийн ажлын шинж чанарт байдаг
эсэхийг тодруулахыг хичээсэн юм.
Хурдан морь унаач хүүхдийн сэтгэл зүйн байдал нь хаана хэний морийг унаж
байгаа эсэхээс ихээхэн хамаардаг нь тэдэнтэй хийсэн ярилцлагын үеэр тодорхой
харагдлаа. Өөрөөр хэлбэл гэртээ байж өөрийн эцэг эх, эмээ өвөөгийнхөө морийг
унадаг хүүхдийн сэтгэл зүйн байдал, айлд байж хүний морийг унадаг хүүхдийн
сэтгэл зүйн байдал нэн ялгаатай байна. Бага насны буюу 12 хүртэлх насны унаач
хүүхдийн сэтгэл зүйд гарах өөрчлөлт 13-аас дээш насны хүүхдүүдийн сэтгэл зүйд
гарах өөрчлөлтөөс харьцангуй ялгаатай байгаа нь ажиглагдсан.
Хурдан морь унадаг 12 хүртэлх насны унаач хүүхдүүд сэтгэл санаанд сөргөөр
нөлөөлөхүйц байдал тохиолддог талаар дараах асуудлыг хэлсэн. Үүнд:
Мөрдөн мөшгөх - “Багаасаа өөр айлын морь унадаг байсан. Манай хамаатны
ах намайг ирээд булаагаад аваад явсан. Би зугтаагаад явахад дахиж ирээд авсан.
Жаахан байхад хэний морийг унахаа өөрөө сонгох боломжгүй байдаг” гэжээ.
Хязгаарлах - Туслах уяач гэр лүүгээ явна гээд гутлаа бариад хөл нүцгэн
зугтаахад араас барьж аваад сугандаа хийж хавчаад гэрт оруулаад хүлээд хонуулсан
хэмээн хэлсэн бол худалдааны төвд ажилладаг нэгэн охин хэлэхдээ “манай ажил
дээр нэг өдөр гартаа мөнгө бариад зугтаагаад ирсэн 6-7 орчим насны хүүхэд байсан.
Тэр хүүхэд араас хүн ирээд бариад авна гэж айгаад манай ажлын ахын машинаас
гарч чадахгүй нуугдаад байсан. Манай ажлынхан тайвшруулаад нутгийнх нь унаанд
суулгаад явуулсан” гэжээ.
Гутаан доромжлох хэлбэр - Том хүнтэй харьцахад заримдаа хэцүү байдаг.
Тийм үед бид жалганд очоод нуугдчихдаг. Хааяа нүх ухаж нуугддаг. Архи уухаараа
ноолох, элдвээр хэлээд байх нь хэцүү байдаг гэж хэлсэн бол 13-аас дээш насны
унаач хүүхэд энэ талаар “Уяач, туслахууд жаахан хүүхдийг шоглоод байдаг. Уяач
айлынх нь хүүхдүүд нь бас дээрэлхэнэ. Уяачийн надаас ах нэг хүүхэд намайг байнга
дээрэлхдэг байсан” гэж хэлжээ.
Сэтгэл санаанд айдас, түгшүүр, шаналалд өртөх - “Их насны морь, азарга,
эрлийз морь унахад амыг нь дийлэхгүй, хадуурах, булгихад хэцүү байдаг, шанаа
руу нь ташуурдах зэргээр аргалдаг. Морио эргүүлж уралдаанд оруулж чадахгүй бол
яана аа гэж их айдаг” гэсэн бол “Анх 8 настай унаж эхлэхэд айж байсан, эхний 2
жил айдастай л байсан, гэхдээ магтуулаад ирэхээр айдсаа орхисон. Ер нь бол хоцрох
вий, унаж гэмтэх вий надаас болж уралдаанд түрүүлэхгүй бол яана аа гэсэн бодол