Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал:
Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал
Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар Баруун-Урт сумын Засаг даргын тамгын
газартай хамтран түр хамгаалах байрын зураг төслийг хийж, Хууль зүй, дотоод хэргийн
яаманд хүргүүлсэн байна. Мөн 13 сумын цагдаагийн хэсэгт эрүүлжүүлэх, саатуулах байр
байхгүйгээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн
хэрэглэсэн иргэдийг хохирогчоос тусгаарлах боломж хомс, тэднийг гол төлөв цагдаагийн
кубаны байранд байлгадаг байна. Жишээлбэл, Сүхбаатар аймагт аймгийн төвөөс
алслагдсан 200 гаруй километр зайтай Эрдэнэцагаан, Наран, Дарьганга сумдад гэр бүлийн
хүчирхийлэл үйлдсэн этгээдийг аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хүргэх
машин, шатахууны зардал хүрэлцдэггүй зэрэг хүндрэл бэрхшээлтэй байна21.
Тохиолдол 1.24
Миний бие хөдөө нөхөр, 4 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Богтлогдож айлын
эхнэр болохоос өмнө нөхрөө нэг л удаа харсан. Тэр үед би дээд сургуулиа тө��сөөд
аймагтаа ирчихсэн, мэргэжлээрээ ажил олоогүй учраас хувийн компанид худалдагчаар
ажиллаж байсан. Тэгээд орой ажлаа тараад явж байтал нэг машинтай хүн дэргэд ирж
зогсоод хаана хүрэх вэ, гадаа хүйтэн байна, гэрт чинь дөхүүлээд өгье гэж хэлсэн. Би
машинд суусан, хэсэг явж байтал ард нь сууж явсан залуу буюу манай нөхөр намайг
хүчээр авч явсан.
Аймгийн төвөөс 190 гаруй км зайтай Бөхмөрөн сумын нутагт нөхрийн аав ээжийн
гэрт хүчээр авчирч, аавынхаа болон өөрийнхөө гэрийн галд мөргүүлсэн. Яах ийхийн
зуургүй шинэ дээл, хувцас өмсгөж, “Эмэгтэй хүн цагаан зээр хоёр нутаггүй байдаг юм,
манай хүүтэй амьдралын замаа холбо, манай хүү муу хүн биш, бид маргааш танай аав
ээжид хадаг сүү барьж очно” гэсэн. Хэдийгээр хүсээгүй ч, хэрэв татгалзсан тохиолдолд
насаараа жаргал үзэхгүй, ганц бие явдаг гэж урьд нь сонсож байсан учраас уйлан
байж эхнэр нь болсон. Шөнө нь манай нөхөр хүчээр бэлгийн харьцаанд орж, удалгүй
жирэмсэн болсон. Нэгэнт хүний эхнэр болсон учраас янз бүрийн ааш зан гаргах бүрт
тэвчээд амьдарч ирсэн. Гэтэл тэр цагаас хойш байнга зодож, дарамталдаг болсон.
Олон удаа цагдаад гомдол гаргаж, эрүүгийн болон зөрчлийн хэргээр арга хэмжээ
авахуулж байсан. Нөхөр хоёр ч удаа намайг зодож, хүнд гэмтэл учруулсан учраас
аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, прокуророос
яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ч, шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Тухайн үед гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн маань буруу байжээ. Би нөхөртэйгээ
байнга хэрүүлтэй байж ирсэн. Гэрлэлтээ цуцлуулж 4 хүүхдээ болон мал, гэр зэргээ
өөртөө авмаар байна...
(Увс аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйд
Комиссоос өгсөн хууль зүйн зөвлөгөөний тэмдэглэлээс)
21
Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 45/742 дугаар албан бичиг.
59