ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Хүний эрүүл мэндээ хамгаалуулах үндсэн эрхэд бэлгийн болон нөхөн үржихүйн
эрүүл мэнд, эрхийн асуудал хамаардаг бөгөөд бэлгийн болон нөхөн үржихүйн эрхэд
хосууд болон хувь хүн гэр бүлээ чөлөөтэй, хариуцлагатай төлөвлөх, энэ талаар
мэдээлэлтэй байх, мэдээлэл олж авах аргыг эзэмших, мөн ялгаварлан гадуурхалт,
дарамт шахалт, хүчирхийллээс ангид байж бие даан шийдвэр гаргах зэрэг өргөн
хүрээний асуудлууд багтдаг.
Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай
олон улсын пакт, Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон
улсын конвенц, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай
конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн
тухай конвенц зэрэгт хүний эрүүл байх, эрүүл мэндээ хамгаалуулах, нөхөн үржихүйн
эрхийг баталгаажуулж, тэдгээр эрхийг хангах нь төрийн үүрэг болохыг тодорхойлсон
байдаг.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Нэгдсэн Үндэстний
Байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр 2018 онд “Хөгжлийн бэрхшээлтэй
эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал”, 2019
онд “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: Хүчирхийллээс ангид
байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал”, 2020
онд “Уул уурхайн бүс нутагт оршин сууж буй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн
эрүүл мэнд, эрхийн асуудал” зэрэг судалгааг хийсэн. Бэлгийн болон нөхөн үржихүйн
эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлыг тоо баримт, судалгааны үндэслэлтэйгээр
баримтжуулж, бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагч, олон нийтийн анхааралд
хүргэх шаардлагын үүднээс нийслэл Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт
хийсэн хяналт шалгалт, судалгааны үр дүнг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний
байдлын талаарх 18, 19 дэх илтгэлд тусган УИХ-д өргөн барьсан.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос нийтийн хүртээл болгож буй
энэхүү судалгааны эмхэтгэл нь хүний эрхийн идэвхитнүүд, хүний эрх хамгаалагчид,
эрдэмтэн, судлаачид, суралцагчид болон дээрх эрхийн хэрэгжилтийн талаар
үүрэг хүлээсэн төрийн байгууллага, албан хаагчид хийгээд иргэний нийгмийн
байгууллагуудад хүний эрхийн хэрэгжилтэд үнэлгээ хийх, хяналт тавьж ажиллахад
чухал ач холбогдолтой, үнэ цэнэтэй эх сурвалж болж, судалгаа шинжилгээний ажилд
ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна.
Энэ дашрамд эдгээр судалгааг зохион байгуулах, эмхэтгэлийг хэвлүүлэхэд
санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн
амын санд талархаж буйгаа илэрхийлье.
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС