Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал:
Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ирж
буй гомдол, мэдээлэлд үндэслэн малчин эмэгтэйчүүдийн
хүний эрхийн зарим нөхцөл байдлыг тодорхойлох үүднээс
2019 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын
сангийн дэмжлэгтэйгээр алслагдсан аймаг, сум дахь малчин
эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх, бэлгийн болон нөхөн
үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтийг судалж, үнэллээ.
Судалгааны хүрээнд нийт 20 аймгийн 631 малчин эмэгтэйгээс
асуулга авч, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Баянхонгор, Завхан,
Хөвсгөл аймгийн 19 сумыг сонгон авч, Комиссын ажлын хэсэг
очиж ажиллалаа.
Судалгаанд сонгогдсон аймаг, сумын удирдлага, Засаг
даргын тамгын газрын албан хаагчид, малчин эмэгтэйчүүдтэй
ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийж, Комисст хандаж
хууль зүйн зөвлөгөө авсан малчин эмэгтэйчүүдийн талаарх
мэдээлэл болон судалгаагаар цуглуулсан жишээ, тохиолдлыг
шинжлэн судлав. Мөн Үндэсний статистикийн хороо, Эрүүл
мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Байгаль
орчин, аялал жуулчлалын яам, Цагдаагийн ерөнхий газар,
Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий
газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн
ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл,
сургалтын хүрээлэн, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг
төрийн болон төрийн бус байгууллагуудаас малчдын асуудлаар
ирүүлсэн судалгаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийв.
35