Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх Дүгнэлт Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн чиглэлээр хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүд батлагджээ. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг хангах, хамгаалах талаар баримтлах зарчим, төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэний эрх, үүрэг, оролцоог тодорхойлж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс боломждоо тулгуурлан хөдөлмөр эрхлэх, онцлог хэрэгцээндээ нийцсэн нийгмийн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тэгш хамрагдах эрх зүйн орчныг үндсэнд нь бүрдүүлсэн байна. Гэвч эдгээрийг хэрэгжүүлэх механизм бүрэн ажиллахгүй, төрийн удирдах болон гүйцэтгэх шатны байгууллагуудын чиг үүрэг ерөнхий, мөн хуулийг хэрэгжүүлж байгаа албан хаагчдын мэдлэг хангалтгүй, хүний эрхэд суурилсан хандлага сайтар төлөвшөөгүйгээс шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийн хэрэгжилтэд бодитой ахиц гарахгүй байгааг Комиссын хийсэн хяналт шалгалт, судалгааны үр дүн харуулж байна. Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүний тэгш эрх болон нийгмийн хамгааллын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг 2018 онд байгуулсаныг Комисс сайшаахын зэрэгцээ цаашид энэхүү судалгаанд хөндсөн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлыг орхигдуулалгүйгээр анхаарал хандуулж ажиллах шаардлагатай юм. 30

Select target paragraph3