Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал
Дээрх хүснэгтээс харахад нөхөн үржихүйн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд
сонсголын бэрхшээлтэй эмэгтэйчүүд хамгийн бага хам��агддаг байна. Мөн Комиссоос
хийсэн хяналт шалгалтын явцад эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаас өгсөн
мэдээлэлд сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй эмэгтэйчүүд бэлгийн болон нөхөн
үржихүйн эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ авахад заавал хэлмэрчтэй ирэх шаардлага
бий болдог талаар дурдсан. Төрийн үйлчилгээний энэ мэт хүртээмжгүй байдал нь хувь
хүний эрүүл мэндийн нууцын халдашгүй байдлыг хөндөж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй
эмэгтэйчүүд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаас зайлсхийх, зохих
үйлчилгээг авч чадахгүйд хүргэж байна.
Тохиолдол 6
Сонсголын бэрхшээлтэй болохоор эмнэлгийн үйлчилгээ авна гэдэг бол маш хэцүү.
Бичгээр илэрхийлэх гэхээр өөрсдөө бичиг үсэг сайн мэдэхгүй, эмнэлгүүдэд дохионы
хэлмэрч байхгүй.
Сонсголын бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ авахад 51.3 хувь нь хүндрэлтэй, 22.1 хувь нь
хааяа хүндрэлтэй байдаг гэж хариулсан бөгөөд бусад бэрхшээлтэй харьцуулахад харааны
бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд илүү саад бэрхшээл учирдаг байна.
Тохиолдол 7
Хөгжлийн бэрхшээлтэй гэхээр хүмүүс тэргэнцэртэй байх ёстой мэтээр төсөөлдөг. Би
уналт таталт өгдөг. Эмнэлгүүдэд суух сандал цөөхөн. Би гаднаасаа ямар ч бэрхшээлгүй
харагддаг учраас хүмүүс мэддэггүй. Олон хүнтэй газраар явах, хүмүүс шуугилдах,
бүгчимдэх, 20-30 минут дараалалд зогсоход л өөрийн хяналтгүй шууд ухаан алддаг
тул дүүргийн эмнэлгээр явж үзүүлэхэд их бэрхшээл учирдаг.
Эпилепси оноштой эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага,
Улаанбаатар хот
Тохиолдол 8
Бэлгийн замаар дамжих халдварт өвчин авчихсан байж магадгүй гээд эмнэлэгт
үзүүлэхийг хүссэн ч нууцыг минь хадгалаад эмнэлгээр дагуулаад явах найдвартай хүн
олоогүй, эцэст нь танилаасаа нэг сайн эмний тухай сонсоод авч уусан. Эдгэсэн байхаа
л гэж найдаж байгаа. Ийм тохиолдолд туслах үйлчилгээний ажилтан маш их хэрэгтэй
байна.
Харааны бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага
Тохиолдол 9
Би 44 настай, тэргэнцэртэй болоод 20 жил болж байна. Эмэгтэйчүүдийн эмчид
үзүүлэхийг хүсдэг ч тохирох ариун цэврийн өрөө эмнэлэг дээр байхгүй, үзлэгийн
орон дээр яаж гарах уу зэрэг бэрхшээлээс айгаад одоог болтол нэг ч удаа үзүүлээгүй.
Мэдээж өөртөө санаа зовж байна.
Тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага,
Улаанбаатар хот
19