Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх Гэвч дээрх судалгаанд оролцогчдын гурван хүн тутмын нэг нь БЗДХ, ХДХВ-ын талаар мэдлэг ойлголт хангалтгүй байв. Судалгаанд оролцогчдын 17 хувь нь БЗДХ авч байсан гэсэн бол 50 хувь нь асуултад хариулаагүй байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт, мэдээлэл хомс, оролцох боломж бага байгаа нь БЗДХ, ХДХВ-ын халдвар авах эрсдлийг нэмэгдүүлж байна. Хэдийгээр энэ төрлийн мэдээ мэдээлэл авах эрх нь хуулиар баталгаажсан боловч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлог хэрэгцээнд нийцсэн мэдээллийн хүртээмж хомс байна. Судалгаанд оролцогчдоос БЗДХ, ХДХВ хэрхэн халдварладаг талаарх мэдлэг, ойлголтыг тодруулахад давхардсан тоогоор 57.6 хувь нь хамгаалалтгүй бэлгийн хавьтлаар, 25.8 хувь нь зүү тариураар, 2.2 хувь нь үнсэлцэхэд, 4.1 хувь нь жорлонгоор, 5.9 хувь нь ахуйн замаар, 19.2 хувь нь цус, цусан бүтээгдэхүүнээр, 29.9 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ. Мөн эдгээр өвчний үед илрэх шинж тэмдгийн талаар мэддэг эсэхийг асуухад 50.9 хувь нь огт мэдэхгүй, 24 хувь нь бага зэрэг, 10.7 хувь нь сайн, 7.7 хувь нь маш сайн мэднэ гэжээ. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний талаарх мэдлэг ойлголтыг нь тодруулахад 9.2 хувь нь гепатит, 38.7 хувь нь тэмбүү, 49.1 хувь нь ДОХ, 26.6 хувь нь трихомониаз, 2.2 хувь нь хламиди, 9.2 хувь нь мөөгөнцрийн тухай тус тус мэддэг гэж хариулжээ. Тохиолдол 2 Бэлгийн замын халдварт өвчин, ДОХ-ын талаар огт сонсож байгаагүй. Хааяа зурагтаар бэлгэвч хэрэглэ гээд байдаг. Нэг залуутай хамт амьдарч байгаад бэлгийн харилцаанд орсон. Тун удалгүй намайг хаяад явсан. Сар гаруй хугацааны дараа доороос үнэртэй ногоон юм ихээр гарах болсон. Гэрийнхэндээ хэлж чадахгүй нэг найзтайгаа цуг явсан чинь “Чи өвчин авсан юм уу? Балиар юм” гээд намайг хаяад явсан. Сургуульдаа ч явахаасаа ичдэг болсон. Хэрвээ би тэр үед эмэгтэй хүн өвчин авдаг гэдгийг мэдсэн бол, бэлгэвч хэрэглэх ёстойг мэдэж байсан бол ийм байдалд орохгүй байх байсан. Сонсголын бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага Тохиолдол 3 Манай хараагүй найз БЗДХ-тай болсон. Энэ тухайгаа хэнд хэлэхээ мэдэхгүй, ямар өвчин авснаа яаж мэдэх вэ гэж их шаналсан. Арай гэж нэг найздаа ойлгуулаад эмнэлэг дээр очсон чинь БЗДХ-тай хүмүүс улаан шугамтай хэсгийн цаана очдог юм байна. Тэнд нь очоод зогсохоос ичээд нөгөө хүн манай найзыг орхиод явсан. Эмчид үзүүлэхээр ороход “Өөрийгөө яая гэж байж өвчин чирч ирээд хэнтэй, хэрхэн, яаж?” гээд нэг бүрчлэн яриулах гээд их эвгүй харьцсан. Дахиж эмнэлэг дээр очоогүй. Хүнээс асууж байгаад нэг эм авч уусан, эдгэсэн байх гэж найдаж байгаа. Ийм үед утасдаад зөвлөгөө авчихдаг үйлчилгээ байвал их хэрэгтэй санагдсан. Мөн хэнээс, хэзээ, яаж гэсэн асуулт асуухгүйгээр эмнэлэгт хүргээд өгдөг туслах үйлчилгээ байвал олон талаар маш их хэрэгтэй байна. Мөн эмч нарт хөгжлийн бэрхшээлтэй хүн ч гэсэн бусад иргэдийн адил өвддөг, эмчилгээ авах эрхтэйг ойлгуулах сургалт хэрэгтэй юм шиг санагдсан. Харааны бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага Ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагаас харахад харааны болон сонсголын бэрхшээлтэй эмэгтэйчүүд бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэнд, БЗДХ-ын талаарх мэдээлэл, үйлчилгээ хүртээмжгүйн улмаас бэлгийн замын халдвараас өөрийгөө хамгаалах арга хэмжээ авч мэдэхгүй, бэлгийн замаар дамжих халдварт өвчин авах, халдвар авсан тохиолдолд мэргэжлийн эмчээс зөвлөгөө, үйлчилгээ авч чадахгүй байх, хүсээгүй жирэмслэх, үр хөндүүлэх зэргээр хохирч байна. Иймд тэдний онцлог хэрэгцээнд тохирсон хүртээмжтэй мэдээлэл, үйлчилгээг бий болгох нь чухал байна. 16

Select target paragraph3