Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх
НАЙМ. ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ
Охид, эмэгтэйчүүдийн хүний эрх, тэр дундаа бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл
мэнд, эрхийн хэрэгжилтийн асуудлаар цуглуулсан мэдээлэл, асуумжийн үр дүнгээс үзвэл
охид, эмэгтэйчүүдийн хүний эрх, эрх чөлөөг хангахдаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг
сайжруулах, боловсронгуй болгох замаар хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх,
бууруулахад чиглэсэн тодорхой арга хэмжээг авах шаардлагатай байна.
Тухайлбал, охид, эмэгтэйчүүд БЗДХ-аас сэргийлэхийн тулд ямар арга хэрэглэдэг талаар
хариулснаас үзвэл тэдний дунд ХДХВ/ДОХ, бусад БЗДХ-аас урьдчилан сэргийлэх чиглэлээр
сургалт, сурталчилгааг тогтмол тасралтгүй явуулах хэрэгцээ байсаар байна. Зөвхөн охид,
эмэгтэйчүүдээр хязгаарлахгүйгээр нөхөн үржихүйн эрүүл мэндийн наад захын мэдлэг
ойлголтыг олон нийтэд түгээх нэн шаардлагатай байна. Энэ нь эргээд тухайн гэр бүлд
өсч хүмүүжиж байгаа охид, хөвгүүдийн ирээдүйд чухал үүрэгтэй юм. Хэдийгээр эрүүл
мэндийн боловсрол хичээлээр дамжуулан сургуулийн орчинд хүүхэд танин мэдэхүйн
мэдлэг ойлголт авч байгаа ч нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлуудыг илүү ойлгож
мэдсэнээр хүний бие даан шийдвэр гаргах явдалд чухал ач холбогдолтой.
Уул уурхайгаас үүдэн орчны бохирдол үүсч улмаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж
байна гэсэн хариултыг нээлттэй асуумжаар өгснийг мэргэжлийн байгууллагаар
шалгуулахад анхаарах нь зүйтэй юм. Дорноговь аймгийн Айраг сум дахь охид,
эмэгтэйчүүдтэй ярилцаж байхад нөхөн үржихүйн эрүүл мэндийн чанар, үйлчилгээ өмнөх
үетэй харьцуулбал сайжирсан хэдий ч эмнэлгийн байгууллагын ажилтнууд хувь хүний
нууцыг хадгалахад анхаарах шаардлагатай байна гэсэн юм.
Асуумжид хариулсан охид, эмэгтэйчүүдийн дийлэнх нь бэлгийн хүчирхийлэлтэй
холбоотой асуултад хариулах хүсэлгүй, хариулахаас зайлсхийх, улмаар хүчирхийллийн
хэлбэрүүдээс хамгийн хүнд хэлбэр болох хүчиндүүлэхийг л бэлгийн хүчирхийлэл гэж
ойлгох, хүчирхийлэлд дасан зохицох байдлаар “байдаг л зүйл” мэтээр хүлээж авч байв.
Ялангуяа, хүнийг хүсээгүй байхад биений эмзэг хэсэгт хүрэхийг хүчирхийллийн нэг хэлбэр
гэж мэдэхгүй байх явдал гарч байлаа. Иймээс иргэдийн дунд тэдний хэрэгцээнд нийцсэн
чадавхижуулах, мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх ажлуудыг тасралтгүй авч хэрэгжүүлэх
шаардлагатай байна.
Иймд дараах санал зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:
• Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг зааж
буй багш нарыг тусгайлсан мэдлэг олгох сургалтад үе шаттай хамруулах, хичээлийн
хэрэглэгдэхүүнийг сайжруулах замаар уг хичээлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх;
• Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрхтэн тогтолцооны эмгэгийн эрт илрүүлэг,
зөвлөгөө, хяналт, андрологи, үргүйдэл, цэвэршилтийн тусламж, үйлчилгээ үзүүлэх
нөхөн үржихүйн эрүүл мэндийн нэг цэгийн үйлчилгээг аймгууд дахь Бүсийн
оношилгоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэгт байгуулах боломжийг
судалж, шийдвэрлэх;
• Аймгийн төвөөс алслагдсан сумдад байрлаж буй эрүүл мэндийн төвүүдийг ургийн
зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, инкубатор, нярайн дулаацуулах ширээ,
нярайн шарлалт хэмжих аппарат, фото эмчилгээний аппарат зэрэг багаж тоног
төхөөрөмжүүдээр бүрэн хангах, тухайн газарт хүрч ажиллах түргэн тусламжийн
машины тоо, шатахууны зардлыг нэмэх;
110
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents