iii ӨМНӨХ ҮГ Хүүхдийн хөдөлмөр нь ядуурлаас их хэмжээгээр шалтгаалдаг бөгөөд хүүхдийн сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах эрхийг ноцтой зөрчдөг хүний эрхийн зөрчил юм. Монгол Улс Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай ОУХБ-ын 182 дугаар конвенцод 2001 онд, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай ОУХБ-ын 1З8 дугаар конвенцод 2002 онд тус тус нэгдэн орж, хүүхэд хамгааллын талаар холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч байгаа хэдий ч хууль тогтоомжийн хэрэгжилт дутмагаас хүүхдийн хөдөлмөрийг мөлжих, тэдний эрхийг зөрчих байдлаар ажил, хөдөлмөр эрхлүүлж буй явдал гарч байна. Монгол Улсад 2020 оны байдлаар 0-18 насны хүүхдүүдийн 10 орчим хувийг эзлэх 56,000 гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн дийлэнх нь хөдөө аж ахуй, барилга, уул уурхай, худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж байна. Ажил, хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн талаас илүү нь аюултай, хортой нөхцөлд ажилладаг байгаад анхаарах шаардлагатай юм. Хүүхэд ажил, хөдөлмөр эрхэлж буй байдал нь хот, суурин газартай харьцуулахад хөдөө орон нутагт илүү их, өрх гэр ядуу байхын хэрээр хүүхэд ажил, хөдөлмөр эрхэлж байна. Иймд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, бодлогын баримт бичгийг батлахын зэрэгцээ хүүхдийг тэвчишгүй хөдөлмөр эрхлэлтийг илрүүлэх, талсан зогсоох, үүнээс урьдчилан сэргийлэх тодорхой үйл ажиллагааг үүрэг хүлээгчдээс хэрэгжүүлэх шаардлагатай. Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээх, хүний эрхийн асуудлаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг, судалгаа, нөлөөлөл, хяналт шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ ажлын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисс Европын Холбооны санхүүжилттэй Олон улсын хөдөлмөрийн байгууллагын «Зохистой хөдөлмөр ба худалдаа» төсөлтэй хамтран Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгааны тайланг боловсруулан гаргасныг Та бүхэнд хүргэж байна. Энэ судалгааг 2021 онд гүйцэтгэж дууссаны дараа уг судалгааны дүгнэлт, зөвлөмжийг харгалзан ХНХЯ нь ОУХБ-ын техникийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн A/122 дугаар тушаалаар Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталж, мөн өдрийн А/123 дугаар тушаалаар 13 насанд хүрсэн хүний эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг шинэчлэн тогтоосон. Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа нь хүүхэд хөдөлмөр эрхлэх болсон шалтгаан нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, хөдөлмөр эрхлэх явцад гарах сөрөг үр дагаврыг тодорхойлж, холбогдох байгууллагад санал, зөвлөмж хүргүүлэхийн зэрэгцээ хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах ажилд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Энэхүү судалгааг санхүүжүүлсэн Европын Холбоо болон тайланг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Олон улсын хөдөлмөрийн байгууллага, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье. ХЭҮК-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Д.СҮНЖИД

Select target paragraph3