38
ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА
Монгол Улсад хүүхдийн хөдөлмөрийн судалгааг өргөн хүрээнд гурван удаа
хийснээс хамгийн сүүлийнх нь 2012 онд хийжээ. Энэ нь хүүхдийн хөдөлмөрийн
өнөөгийн нөхцөлийг тодорхойлсон судалгаа, статистик мэдээлэл дутмаг, цаашлаад
хүүхдийн хөдөлмөрийн талаар бодлогын түвшинд оновчтой үйл ажиллагаа
явуулах боломжгүй байгааг илтгэнэ. Хүүхдийн ажил, хөдөлмөр эрхлэх, түүнээс
хөндийрөх нөхцөлийг бүрдүүлэхэд эрх зүйн зохицуулалт, хамтрагч талуудын
хамтын ажиллагаа, мэдлэг ойлголт, хандлага дутмаг байна. Түүнчлэн хүүхдийн
эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхдэд ажил олгож буй ажил
олгогчийн зүгээс хүүхдээр ажил эрхлүүлэх, хөдөлмөрийн харилцаанд оролцуулж
байгаа үед тэдний нас, ажиллах цаг, ажлын нөхцөл, нийгмийн хамгааллыг хангах,
тэдний оролцоог бий болгох чиглэлээр ойлголт, мэдлэг хангалтгүй байгаа нь ажил
олгогчидтой хийсэн ярилцлагын үеэр ажиглагдлаа. Энэхүү тодорхойгүй нөхцөл
байдлын дунд хүүхэд үйлдвэрлэл, үйлчилгээний бүх салбарт эдийн засгийн хийгээд
эдийн засгийн бус үйл ажиллагаанд өдөр тутам ажил, хөдөлмөр эрхэлсээр байна.
ГБХЗХГ-ын Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын мэдээллийн санд
хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг бүртгэдэг мэдээллийн бааз бий болгосон нь
сайшаалтай ч мэдээллээ бүртгэдэг аргачлал нь тодорхойгүй, орон нутгийн хүүхдийн
байгууллагын ажилтнууд нь мэдээлэл бүртгэх аргачлалаа ашиглах чадвар сулаас
мэдээлэл зөрүүтэй бүртгэгдэж байна. Тухайлбал хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн
насны ангиллыг 7-9 нас, 10-14 нас, 15-18 насаар бүртгэж байгаа нь конвенц болон
үндэсний хууль тогтоомжид заасан насны ангилалтай таарахгүй байна. Мөн
хүүхдийн ажил, хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрөгдсөн хэлбэрийг бүртгэхгүй байгаа
нь өрөөсгөл байна. Зарим орон нутгаас ирүүлсэн мэдээлэл нь хурдан морь унаач
хүүхдийг давхардуулан бүртгэсэн, ХХҮЕГ-ын Хөдөлмөрийн биржээр дамжин
ажилд орсон хүүхдийн мэдээлэл огт бүртгэгдээгүй, мэдээллийн бүртгэлийн ангилал
нь тодорхойгүй, дутуу зэрэг олон асуудал байгааг сайжруулах, ҮСХ, ХХҮЕГ-ын
мэдээллийн сантай холбогдох, мэдээллээ солилцох шаардлагатай байна.
Мэдээллийн эргэлт хангалтгүй байгаагаас ажил, хөдөлмөр эрхэлж буй
хүүхдүүдэд үзүүлэх хариу үйлчилгээ, тэдний эрхийг хамгаалах асуудал орхигдсон,
холбогдох төрийн байгууллагууд чиг үүргийнхээ хүрээнд бусад асуудлыг тус тусдаа
шийдвэрлэсэн байдалтай адил авч үздэг бөгөөд шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл
нь хүүхдийн байгууллагад огт ирдэггүй байна.