БҮЛЭГ 1. СУДАЛГААНЫ ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
13
1.5 Судалгааны арга зүй
Өгөгдөл цуглуулах үйл явц
Өгөгдлийн анхдагч эх сурвалж нь төрийн захиргааны алба хаагчдаас ярилцлага,
ажил, хөдөлмөр эрхэлж буй насанд хүрээгүй хүнээс ярилцлага, санал асуулга авсан
болно. Хоёрдогч эх сурвалжаар баримт бичгийн судалгаа хийсэн.
Судалгааны баг судалгааны ёс зүйг чанд баримтлан энэхүү судалгааг хийж
гүйцэтгэсэн. Ялангуяа хөдөлмөр эрхэлдэг хүүхэдтэй хийх ганцаарчилсан ярилцлагад
“судлаачийн тусгайлан баримтлах ёс зүйн удирдамж”-ийг боловсруулж, хүүхдээс
ярилцлагын судалгаа авах судлаачдад 1 цаг 30 минутын тусгайлсан зааварчилгаа
өгч ажилласан.
Өгөгдлийг боловсруулах арга
Баримт бичгийн судалгаа. Баримт бичгийн шинжилгээний хүрээнд олон улсын
хөдөлмөрийн хэм хэмжээ, үндэсний хууль тогтоомжид хэрхэн туссаныг судалж,
хүүхдийн хөдөлмөрийн талаар өмнө хийгдсэн судалгаа, шинжилгээний ажилд дүн
шинжилгээ хийв.
Хүүхдийн хөдөлмөрийн тухай олон улсын болон үндэсний эрх зүйн зохицуулалт,
холбогдох заавар, зөвлөмж, гарын авлага, ном, товхимол зэрэг бусад эх сурвалжийг
судалж, энэхүү судалгааны тайлангийн холбогдох хэсгүүдэд тусган орууллаа.
Түүнчлэн сонгон авсан аймгийн удирдлага, боловсролын байгууллага,
хүүхэдтэй ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудад хүүхдийн хөдөлмөрийн
тэвчишгүй хэлбэрүүдийг устгах, хориглох чиглэлээр байгууллагын үйл ажиллагаа,
бодлого, хөтөлбөртөө тусгасан хийгээд, тухайн жилийн ажлын төлөвлөгөөндөө
тусган хэрэгжүүлсэн байдал, хэрэгжилтийн үр дүнгийн тайланг хэвлэмэл хэлбэрээр
авч судалгаанд ашигласан. Ялангуяа судалгааны тайлангийн “Хүүхдийн ажил,
хөдөлмөртэй холбоотой төрийн бодлого, хууль тогтоомжид дүн шинжилгээ” гэсэн
хоёрдугаар бүлгийг баримт бичгийн судалгаанд тулгуурлан гүйцэтгэсэн болно.
Судалгааны эх олонлог түүврийг тодорхойлох
Ганцаарчилсан ярилцлагын арга ба түүврийн хэмжээ. Судалгааны эх
олонлогт судалгаанд ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд, багш,
Насан туршийн боловсролын газрын ажилтан, асуудал хариуцсан захиргааны алба
хаагчдыг хамруулсан. Ганцаарчилсан болон фокус бүлгийн ярилцлагын судалгааны
төлөвлөсөн түүвэр болон бодитоор хийсэн судалгааны зөрүүг доорх хүснэгтэд
харуулсан.