1 НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХИЙГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ НЬ: БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ОЙЛГОЛТ БОЛОН ДЭЛХИЙ НИЙТЭЭР ХҮРЭХ ЗОРИЛТ НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХ ХҮНИЙ ЭРХ БОЛОХ НЬ Нөхөн үржихүйн эрхийг тусгайлан зохицуулсан хүний эрхийн тусдаа баримт бичиг одоогоор батлагдаагүй байна. Гэвч НҮБ болон бүс нутгийн хүний эрхийн баримт бичигт нөхөн үржихүйн эрхийн тодорхой асуудлыг тусгах байдлаар энэ эрхийг хамгаалсан байдаг. Дэлхийн бүх улс орны харилцан зөвшилцлийн үр дүнд баталсан тунхаглал болон ижил төрлийн баримт бичигт, цаашилбал НҮБ болон бүс нутгийн ХЭҮБ-уудын үйл ажиллагааны жишигт нөхөн үржихүйн эрхийн олон талт, баялаг шинж чанарыг зөвшөөрөн баталгаажуулсан байдаг. Хүн ам, хөгжил сэдэвт олон улсын бага хурлын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 7.3 дахь хэсэгт нөхөн үржихүйн эрх нь хосууд болон хувь хүний хүүхэдтэй болох, дахин хүүхэд төрүүлэх хугацаа, түүнчлэн хэдэн хүүхэдтэй болох эсэхээ чөлөөтэй бөгөөд хариуцлагатайгаар, аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид байдлаар шийдэх ийнхүү хүүхэдтэй болох, хүүхэд төрүүлэх, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийн талаар мэдээлэл авах эдгээр арга, хэрэгслийг ашиглах эрхэд үндэслэн хэрэгжинэ гэж заажээ. Түүнчлэн энэ эрх нь бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндээ боломжит хамгийн дээд хэмжээнд хүргэх эрхтэй шууд холбоотой юм. Хүн ам, хөгжил сэдэвт олон улсын бага хурлын баримт бичигт нөхөн үржихүйн эрх нь хүний эрхийн цоо шинэ төрөл, хэлбэр биш болохыг онцолжээ. Нөхөн үржихүйн эрх нь үндэсний хууль тогтоомж, хүний эрхийн олон улсын баримт бичиг болон зөвшилцлийн шинжтэй бусад баримт бичгээр урьд нь хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан эрх, эрх чөлөөний нийлбэр цогц шинжтэй эрх юм. Нөхөн үржихүйн эрх нь хосуудын болон хувь хүний бэлгийн болон нөхөн үржихүйн амьдралд чухал нөлөөтэй иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын эрхтэй хамааралтай хэрэгждэг. Нөхөн үржихүйн эрхийг бүрдүүлдэг хууль зүйн шинжтэй олон бүрэлдэхүүн хэсэг байдгийг энэхүү гарын авлагын 4 дүгээр бүлгээс илүү тодорхой үзэж танилцах боломжтой. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц нь эмэгтэйчүүдийн “гэр бүл төлөвлөлттэй холбоотой зэрэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах” эрхийг баталгаажуулахыг улс орнуудад үүрэг болгож, жирэмслэлттэй холбоотой тохиромжтой үйлчилгээ авах, хэдэн хүүхэдтэй болох, хэзээ дахин хүүхэд төрүүлэх хугацаагаа өөрөө шийдэх эрхийг (12 болон 16 дугаар зүйл) дурдаж өгснөөрөө чухал ач холбогдолтой хүний эрхийн олон улсын баримт бичиг юм. Хүн бүрийн эрүүл мэндээ боломжит хамгийн дээд хэмжээнд хүргэх эрхийг Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактаар (12 дугаар зүйл) баталгаажуулан хамгаалдаг. Түүнчлэн Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, мөн дэлхий даяар болон бүс нутгийн хэмжээнд мөрдөгдөх бусад баримт бичигт эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахыг хориглосон билээ. Хүүхдийн эрхийн тухай конвенцод хүүхдийн эрүүл мэнд дээд түвшинд хүрсэн байх эрхийг (25 дугаар зүйл) хамгаалдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар (25 дугаар зүйл) тусгайлан тусгасан. Эх, нярайн эндэгдэл нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт (6 дугаар зүйл)-д заасан хүний амьд явах эрхийн зөрчлийг үүсгэдэг. Хүний болон ард түмний эрхийн тухай Африкийн тунхагийн Африк тив дэх эмэгтэйчүүдийн эрхийн тухай протокол нь бүс нутгийн хүний эрхийн зохицуулалтын нэгэн тод жишээ бөгөөд энэ тунхагт бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар тусгайлан тусгажээ. Тус тусын хариуцсан хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтэд хяналт тавихаас гадна гэрээний зүйл, заалтад албан ёсны тайлбар, зөвлөмж хийхээр байгуулагдсан НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороод нь нөхөн үржихүйн эрхийг хууль ёсны эрх гэж хүлээн зөвшөөрч, энэ эрхийн бүрэлдэхүүн хэсгийг тодорхойлсныг энэхүү гарын авлагын 4 дүгээр бүлэгт дурдсан болно. НҮБ-ын Хүүхдийн эрхийн Хороо, Хүний эрхийн Хороо (Хүний эрхийн Хороо нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй), Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо, Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, Арьс үндсээр ялгаварлан гадуурхах үзлийг устгах хороо зэрэг нь нөхөн үржихүйн эрхийн талаар тус тусын хамаарах хүний эрхийн гэрээний асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийлж байсан билээ. Америк дундын Хүний эрхийн комисс болон Африкийн хүний болон ард түмний эрхийн комисс нөхөн үржихүйн эрхийг хүний эрх хэмээн хүлээн зөвшөөрсөн. Эдгээрээс гадна Европын Хүний эрхийн шүүх нь хувийн амьдралтай байх эрх нь хүний эцэг эх болох, эс болох эрхийг өөртөө багтаадаг гэж шийдсэн зэргээр нөхөн үржихүйн эрхтэй холбоотой олон шийдвэрийг гаргасан байна.1 Мөн НҮБ-ын гишүүн улс орнууд нэгдэн зөвшилцсөний үндсэн дээр нөхөн үржихүйн эрхийг хүний эрх хэмээн зөвшөөрсөн шинжтэй зарим баримт бичгийг баталсан байна.2 Эдгээрээс хамгийн чухал нь дээр дурдсанчлан зөвшилцлийн үндсэн дээр 1994 онд Хүн ам, хөгжил сэдэвт олон улсын бага хурлыг зохион байгуулж, Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр баталсан явдал юм. Уг баримт бичигт зарим нэгэн нөхцөл байдалд хэрэгжилт шаардсан зүйл, заалтыг агуулсан бөгөөд эдгээр зүйл заалтыг хожим нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар баталсан билээ.3 Бас нэгэн чухал баримт бичиг нь мөн зөвшилцлийн үндсэн дээр 1995 онд Дэлхийн Эмэгтэйчүүдийн 4 дүгээр бага хурлаар хэлэлцэж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан Бээжингийн Тунхаглал, түүний хөтөлбөр юм.4 Цаашилбал НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2005 онд баталсан Дэлхийн дээд хэмжээний чуулганы үр дүнгийн баримт бичиг (/A/RES/60/1/)-т бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаар хүрэх зорилтуудын талаар тусгасныг НҮБын 2010 оны Мянганы хөгжлийн зорилтууд сэдэвт Дээд хэмжээний чуулганы үр дүнгийн баримт бичигт баталгаажуулж өгсөн.5 1 2 3 4 5 14 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага Эвансын гомдлоор Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын эсрэг гаргасан гомдлыг Европын Шударга ёсны шүүх хүлээн авч, Дээд зөвлөлөөрөө шийдвэрлэсэн 2007 оны 6339/05 дугаар шийдвэрийг үзнэ үү. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн A/RES/49/128 дугаар тогтоол. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн A/RES/50/203 дугаар тогтоол. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн A/RES/60/1 дүгээр тогтоол. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн A/RES/65/1 дүгээр тогтоол. Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 15

Select target paragraph3