ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ, ҮЛ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ
ЗАРЧИМ
Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалд хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр,
эрхийнхээ хувьд адил тэгш байна гэж заасан билээ. Хүн бүр төрөлхөөс заяасан
нэр төртэй учир хэнийг ч нас, хүйс, арьс үндэс, арьсны өнгө, шашин шүтлэг, эд
хөрөнгө, хөгжлийн бэрхшээл, хэл, үндэс угсаа, улс төрийн болон бусад үзэл бодол,
язгуур угсаа болон бэлгийн чиг баримжаа, гэрлэсэн эсэх зэрэг бусад байдлаар нь
ялгаварлан харьцаж үл болно.3
Үл ялгаварлан гадуурхах зарчим нь нийгмийн эмзэг бүлэгт тусгайлан анхаарч
тэгш байдлыг хангахыг шаарддаг. Нэгэнт төр нь иргэдээ хамгаалах үүрэгтэй
тул санаандгүй байдлаар ялгаварлан гадуурхах, түүнчлэн хувийн хэвшил болон
ахуйн хүрээнд ялгаварлан гадуурхахыг хориглох нь зүйтэй. Тухайлбал хувийн
хэвшлийн байгууллагууд ажлын байранд эмэгтэй хүнийг гэрлэсэн эсэхээс нь
шалтгаалж хүүхэд гаргах магадлалтай зэргээр ялгаварлан гадуурхаж болохгүй.
Ийм байдлаар ялгаварлан гадуурхаж хандсан бол төр үүнийг зохицуулах ёстой. Энэ
төрлийн ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлж чадаагүй бол ялгаварлан
гадуурхалтаас ангид байх хүний эрхийг зөрчсөн гэж төрийг буруутгах нь зүйн хэрэг
юм.
Ялангуяа нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ зэрэг эрүүл
мэндийн асуудал дээр хувийн хэвшилд ялгаварлан гадуурхах үйлдэл гарах нь
нийтлэг бөгөөд тухайн хүнийг нийгмийн тодорхой бүлэгт хамаарах байдлаар,
үндэс угсаагаар, жендэрээр, насаар, ХДХВ/ДОХ-той хүн гэж ялгаварлан гадуурхаж
эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхгүй байх тохиолдол гардаг. Тухайлбал эмч, эрүүл
мэндийн ажилтнууд нь гэрлээгүй эмэгтэй хүнд жирэмслэлтээс хамгаалах арга,
хэрэгслийн талаар мэдээлэл өгөхгүй, үйлчилгээ үзүүлэхгүй байгаа нь ялгаварлан
гадуурхсан үйлдэл тул төрөөс үүнд хариуцлага тооцох ёстой. Хууль тогтоомжийг
батлах, гэрээнд тусган зохицуулах, мэдлэг, боловсрол олгох зэргээр төрөөс
ялгаварлан гадуурхалттай тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой.
Түүнчлэн хүйсийн ялгаанд үндэслэн эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж,
үйлчилгээ үзүүлэхгүй байхыг хориглох ёстой. Зөвхөн эмэгтэйчүүдэд шаардлагатай
жирэмсэн үеийн үйлчилгээ, жирэмсний болон амаржихын хүндрэлтэй холбоотой
болон үр хөндүүлсний дараах асаргаа, сувилгааг төрөөс ямар нэгэн байдлаар
хязгаарласныг хүйсийн ялгаанд үндэслэсэн ялгаварлан гадуурхалт гэж үзнэ.
Түүнчлэн ХДХВ/ДОХ-той, жирэмсэн зэрэг аливаа бусад байдлаар эмэгтэйчүүдийг
ялгаварлан гадуурхахыг хориглох ёстой.
Үл ялгаварлан гадуурхах зарчмын дагуу хувь хүн эрхээ хэрэгжүүлэхэд нь төр
өөрөө саад болохоос ч илүү өргөн хүрээнд төрийн үүргийг авч үздэг билээ. Төр
ялгаварлан гадуурхалттай тэмцэх үүрэгтэй бөгөөд нийгмийн дэмжлэг туслалцаа
шаардлагатай болон нийгмээс тусгаарлагдсан зэрэг бүх хүнд эрүүл мэндийн
мэдээлэл, үйлчилгээ хүртээмжтэй хүргэх үүргийг төр хүлээнэ. Зөвхөн ялгаварлан
гадуурхалтыг хориглох нь хангалтгүй бөгөөд тэгш байдлыг хангахын тулд
ялгаварлан гадуурхалтгүйгээр эмчлүүлэх боломжоор хангахыг үүрэг болгосон хууль
тогтоомж, бодлогын баримт бичгийг төрөөс батлан мөрдүүлэх нь чухал юм. Хууль
тогтоомжид бодит ялгаанд үндэслэн тэгш байдлыг хангах зохицуулалтыг тусгах нь
чухал болно.
Цаашилбал төрөөс эмэгтэйчүүдийг чадавхжуулах, өөрсдийн бэлгийн болон
нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт,
70
Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага
хүчирхийллээс, бие даан шийдвэрлэх боломжоор хангах ёстой. Охид, эмэгтэйчүүд
аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байдлаар асуудлаа шийдвэрлэх боломжийг
төр хангах ёстой. Хэрэв охид, эмэгтэйчүүд ийнхүү шийдвэрлэх эрхээ эдлэх
боломжгүй байгаа бол эрхийг нь ямар нэгэн байдлаар баталгаажуулах зэргээр
эрхээ эдлэх боломжийг нь бүрдүүлж өгөх үүргийг төр хүлээнэ. Мөн үл ялгаварлан
гадуурхах зарчмын дагуу төр нь нөхөн үржихүйн зэрэг аливаа эрүүл мэндийн
тусламж, үйлчилгээг бүх бүлэгт нас, хүйс, үндэс, угсаа, орон байрны нөхцөл,
хөгжлийн бэрхшээл зэргээс үл хамааран тэгш хүргэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх
үүрэгтэй. Үүний тулд ядуу, алслагдмал бүс нутагт амьдардаг байсан ч эрүүл
мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх ёстой.
Үл ялгаварлан гадуурхах зарчмыг төрийн байгууллагууд бүх үе шатандаа
хэрэгжүүлж тэгш байдлыг хангаж ажиллах ёстой. Аливаа хууль тогтоомж нь
жендэрээр ялгаварлан гадуурхсан шинжийг агуулаагүй хэдий ч бодит байдал дээр
эмэгтэйчүүд эсвэл бусад бүлэг ялгаварлан, гадуурхалтад өртөж байгаа бол төр
үүргээ бүрэн гүйцэтгээгүй гэж үзнэ. Хууль тогтоомж, бодлогын баримт бичиг нь
тэгш байдлыг бодитоор хангасан буюу тэдгээрийг нь бодит амьдрал дээр хүн бүрт
ижил тэгш үйлчлэх ёстой байна.
Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь
71