ЦУВРАЛ БҮТЭЭЛЭЭР КАМПАНИТ АЖЛЫГ АМЖИЛТАД ХҮРГЭХ ЗУРГААН АЛХАМ ТЭМДЭГЛЭЛ АЛХАМ 1: ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХ Кампанит ажил том зүйлээс эхэлж, эсвэл жижиг зүйлээс эхлээд аяндаа томорч болно. Урьдчилж сайтар төлөвлөх нь үргэлж үр дүнгээ өгдөг билээ. Таны зорилго эхнээсээ тодорхой байх ёстой. Та бүтээлээрээ хуульд өөрчлөлт оруулахыг уриалж байна уу? Эсвэл өөр үйл ажиллагаа, үйлдэлд уриалах уу? Тухайлбал: • “Зөвшөөрлийн системийг зогсоох хүртэл бид кампанит ажлаа үргэлжлүүлнэ.” • “Хүний наймаанд өртсөн бүх эмэгтэйчүүдийг чөлөөлж, төрөөс анхаарал халамж тавих ёстой.” АЛХАМ 2: КАМПАНИТ АЖЛЫГ УДИРДАХ Эрч хүчээ алдахгүй ажлаа явуулахын тулд нэг хүн кампанит ажлыг өдөр тутамд удирдан зохицуулж байх хэрэгтэй. Энэ нь ихэвчлэн бүтээлийн дийлэнхийг бичиж, бэлтгэж буй сурвалжлагч байх болно. Кампанит ажилд мөн редакцын багт ахлах албан тушаалтай орлогч редактор, мэдээний албаны дарга, эсвэл ижил алба эрхэлдэг хүн манлайлагчаар оролцох хэрэгтэй. Манлайлагч нь цаг хугацаа болон бусад нөөцийн хуваарилалтыг хариуцна. Кампанит ажилд олон эх үүсвэр шаардлагатай бөгөөд гүйцэтгэх ажилтнуудад тэднийг хариуцуулбал удаашралтай байж мэднэ. Манлайлагч нь мөн сурвалжилгатай холбоотойгоор талуудаас үзүүлэх дарамт шахалтыг зохицуулж бичвэр хариуцсан багийг хамгаална. АЛХАМ 3: ЭХЛЭХДЭЭ ХҮЧТЭЙ СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛЭХИЙГ ЭРМЭЛЗЭХ Кампанит ажлыг үр нөлөөтэй эхлүүлэхийг хичээгээрэй. Мөн төлөвлөсөн өөр нэг үйл явдалтай давхцахгүй өдрийг сонгох хэрэгтэй. Эхний кампанит ажлын мэдээг нэр хүндтэй сонины нүүр хуудаст, эсвэл телевиз, радиогийн мэдээллийн тойм дээр байршуулаарай. Үүнийгээ хөндлөнгийн мэдээ, байр суурь, гэрэл зураг болон инфографикаар дэмжээрэй. АЛХАМ 4: УНШИГЧИД ОРОЛЦОХОД ХЯЛБАР БОЛГОХ Хүмүүс нийгмийн сүлжээгээр маргаантай асуудлаар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь нэмэгдэж байна. Иймд хэлэлцүүлгийг олон хийж, үзэгч, уншигчдыг татан оролцуулаарай. Цахим сайтад сэтгэгдэл бичих боломжтой болгож, хамгийн сонирхолтой, дэмжүүштэй сэтгэгдлийг сонгож нийтлээрэй. Гэвч сөрөг, арьс өнгө, хүйсээр ялгаварласан зэрэг сэтгэгдэл байж болзошгүйг анхаарна уу. Иймд цахим сэтгэгдэлд тодорхой, хатуу журам мөрдүүлэх нь чухал юм. Сэтгэгдэл, цаашлаад мэдээлэл, эсвэл бүтээлийн санаа болохуйц зүйлсийг олон нийтээс хүлээж авах тусгай и-мэйл ажиллуулаарай. Хуульд өөрчлөлт оруулах гэх мэт тодорхой арга хэмжээ авах шаардлагыг иргэд дэмжиж гарын үсэг зурж, оролцдог платформ бий. Хэрэв ийм боломжтой бол шаардлагаа байршуулах, эсвэл уг асуудлыг дэмжиж буй улс төрчийг оролцуулаарай. Дараа нь уншигч, үзэгчдийг шаардлагад гарын үсэг зурахыг уриалаарай. Гарын үсгийн тоо өсөн нэмэгдэж буйг нийтлэх нь кампанит ажилд дэмжлэг нэмэгдэж байгааг харуулна. Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага | 43

Select target paragraph3