Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх
хөдөлмөр эрхлэх чадваргүйдээ биш, гагцхүү ажлын байр түүнд хүртээмжгүй учраас
хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. Үүний нэгэн адил сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд
ч бусад хүүхдийн адил суралцах оюуны чадавхгүйдээ биш, харин тэдэнд сургалтын
орчин, гарын авлага, багш хангалтгүй, сургууль хүртээмжгүйгээс сургуульд бүрэн
хамрагдаж, амжилттай суралцаж чадахгүй байна. Энэ хандлагыг хөгжлийн бэрхшээлийн
нийгмийн загвар хэмээн тодорхойлж, нийгмийн орчин болон үйлчилгээг хөгжлийн
бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй болгоход анхаарах шаардлагатайг дээрх конвенцоор
баталгаажуулжээ.
Ийнхүү олон улсын гэрээ, Монгол Улсын хууль тогтоомж, бодлогын баримт бичигт
хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг хангах,
хамгаалах талаар баримтлах зарчим, төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэний эрх,
үүрэг, оролцоо тодорхой болж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс боломждоо тулгуурлан
хөдөлмөр эрхлэх, онцлог хэрэгцээндээ нийцсэн нийгмийн, эрүүл мэндийн тусламж
үйлчилгээнд тэгш хамрагдах эрх зүйн орчин бүрдсэн байна.
Гэвч хэрэгжүүлэх механизм бүрэн ажиллахгүй, төрийн удирдах болон гүйцэтгэх
шатны байгууллагуудын чиг үүрэг ерөнхий, зарим тохиолдолд тодорхойгүй, мөн хуулийг
хэрэгжүүлж байгаа албан хаагчдын хандлага, мэдлэг хангалтгүй зэргээс шалтгаалан
хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанарт бодитой нөлөөлж чадахгүй байна.
Цаашлаад эдгээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай
хэрэгцээ, нас зэргийг тооцдоггүйн улмаас хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн асуудал
орхигдох, анхаарлын гадна үлдэх явдал түгээмэл байна.
Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогод27 “хүн амын тогтвортой
өсөлтийг хангах, иргэдийн урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчныг
бүрдүүлэх, хувь хүн болон гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэх”28 зорилгыг Монгол
Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн тодорхойлсон ч хэрэгжүүлэхдээ
хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн онцлог хэрэгцээнд нийцсэн нийгэм, эдийн засаг,
хөгжлийн үйлчилгээг орхигдуулж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн
бэлгийн болон нөхөн үржихүйн эрх зөрчигдөхөд хүргэж байна.
Тухайлбал, иргэд олноор үйлчлүүлдэг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн нөхөн
үржихүйн кабинетад тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд тохирсон хүртээмжтэй
үзлэгийн ор, харааны болон сонсголын бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн онцлогт тохирсон
угтах үйлчилгээ, дохионы хэлмэрч, орчуулагч байдаггүй. Мөн нөхөн үржихүйн эрүүл
мэндийн үйлчилгээ үзүүлдэг бүх шатны эрүүл мэндийн байгууллагын бүртгэл, мэдээлэлд
хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдтэй холбоотой асуулт ордоггүй тул дээрх эмэгтэйчүүд
ямар төрлийн үйлчилгээг илүү авдаг, жилд хэдэн эмэгтэй үйлчилгээнд хамрагдаж буй
талаар тоон мэдээлэл улсын хэмжээнд гардаггүй29 байна. Энэ төрлийн судалгаа, тоо
баримт байхгүй тул тухайн асуудлаар бодлого, төлөвлөлт хийдэггүй, улмаар тэдний онцлог
хэрэгцээнд тохирсон үйлчилгээ үзүүлж чаддаггүй байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын адил бие даан амьдарч, нийгмийн амьдралд
оролцох хүсэлтэй байдаг ч сурах, хөдөлмөрлөх, нийгмийн үйл хэрэгт оролцох, гэр бүлтэй
болох, эмнэлэг, сургууль, олон нийтийн байгууллагаас үйлчилгээ авах, тээврийн хэрэгслээр
зорчих, хэрэгцээтэй мэдээллээр бүрэн хангагдах боломж, нөхцөл хязгаарлагдмал хэвээр
байна. Энэ нь нийгмийн олон хүчин зүйлээс хамааралтай ч нийгэм дэх буруу хандлага
ихээхэн нөлөөлдөг.
Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого 2016-2025 он.
Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 261 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Төрөөс хүн амын
хөгжлийн талаар баримтлах бодлого.
29
Эрүүл мэндийн яамнаас 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Комисст ирүүлсэн 1а/1009 дугаар албан бичиг.
27
28
12