“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ,
БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН
Тохиолдол 3.4.
Миний бие хөдөө нөхөр, 4 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Богтлогдож айлын
эхнэр болохоос өмнө нөхрөө нэг л удаа харсан. Тэр үед би дээд сургуулиа төгсөөд
аймагтаа ирчихсэн, мэргэжлээрээ ажил олоогүй учраас хувийн компанид худалдагчаар
ажиллаж байсан. Тэгээд орой ажлаа тараад явж байтал нэг машинтай хүн дэргэд ирж
зогсоод хаана хүрэх вэ, гадаа хүйтэн байна, гэрт чинь дөхүүлээд өгье гэж хэлсэн. Би
машинд суусан, хэсэг явж байтал ард нь сууж явсан залуу буюу манай нөхөр намайг
хүчээр авч явсан.
Аймгийн төвөөс 190 гаруй км зайтай нэгэн сумын нутагт нөхрийн аав ээжийн гэрт
хүчээр авчирч, аавынхаа болон өөрийнхөө гэрийн галд мөргүүлсэн. Яах ийхийн зуургүй
шинэ дээл, хувцас өмсгөж, “Эмэгтэй хүн цагаан зээр хоёр нутаггүй байдаг юм, манай
хүүтэй амьдралын замаа холбо, манай хүү муу хүн биш, бид маргааш танай аав ээжид
хадаг сүү барьж очно” гэсэн. Хэдийгээр хүсээгүй ч, хэрэв татгалзсан тохиолдолд
насаараа жаргал үзэхгүй, ганц бие явдаг гэж урьд нь сонсож байсан учраас уйлан байж
эхнэр нь болсон. Шөнө нь манай нөхөр хүчээр бэлгийн харьцаанд орж, удалгүй жирэмсэн
болсон. Нэгэнт хүний эхнэр болсон учраас янз бүрийн ааш зан гаргах бүрт тэвчээд
амьдарч ирсэн. Гэтэл тэр цагаас хойш байнга зодож, дарамталдаг болсон.
Олон удаа цагдаад гомдол гаргаж, эрүүгийн болон зөрчлийн хэргээр арга хэмжээ
авахуулж байсан. Нөхөр хоёр ч удаа намайг зодож, хүнд гэмтэл учруулсан учраас
аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, прокуророос
яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ч, шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Тухайн үед гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн маань буруу байжээ. Би нөхөртэйгээ
байнга хэрүүлтэй байж ирсэн. Гэрлэлтээ цуцлуулж 4 хүүхдээ болон мал, гэр зэргээ
өөртөө авмаар байна...
(Увс аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйд Комиссоос өгсөн хууль зүйн зөвлөгөөний
тэмдэглэлээс)
Тохиолдол 3.5.
Өмнөх нөхрөөсөө хоёр хүүхэдтэй бэлэвсэн хоцорсон. Сүүлд суусан нөхрөөсөө гурван
хүүхэдтэй, нийт таван хүүхэдтэй. 2009 оноос хойш нөхөртэйгээ хамт айлд туслах
малчнаар ажиллаж байна. Суусан цагаас хойш нөхрийн ааш авир танигдаж эхэлсэн,
эрүүлдээ ч элдэв янзын ааш гаргадаг ч хүүхдүүдээ бодоод тэвчдэг. Ямар ч шалтгаангүй
уурладаг, уурлахаараа биед хүрнэ, хутга шөвөг барина, төмөр авч цохино. Нэг орой
намайг буруу зөрүү ярьснаас болж уурлаж, орны төмөр авч чулуудсан, гэрээс гараад
зугтсан чинь араас мотоцикльтой хөөсөн. Энэ талаар цагдаад хэлье гэхээр
хүүхдүүдээ бодоод, нөхрөө өрөвдөөд чаддаггүй. Нэг шөнө ууртай залгахаар нь айсандаа
хүүхдүүдээ аваад машиндаа хоносон, тэгтэл эргүүлийн цагдаатай таарч, бичиг
баримт шалгатал, бичиг баримтаа яарсандаа авч гараагүй байсан. Цагдаа сэжиг
аваад надаас учир байдлыг асууж, миний нөхцөл байдлыг мэдсэн. Ингэж арав гаруй жил
цагдаад хэлэлгүй тэвчсэний дараа сая нэг цагдаад мэдүүлэг өгч, нөхрөө долоо хоног
баривчилгаанд явуулсан. Өмнөх арав гаруй жилийн хугацаанд гаргасан зан авир,
үйлдлийн талаар хэлээгүй, зөвхөн тухайн үед болсон хэргээр л баривчлуулсан.
Нөхрөөсөө байнга айдаг, зүрх өвддөг болсон...
(Сүхбаатар аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас)
Гэр бүлээсээ хэдий хугацаанд хол байж, тусдаа амьдарч байгааг тодруулахад санал
асуулгад оролцсон 406 малчин эмэгтэйн 325 нь хариулсан байх бөгөөд тэдний 50.8
хувь нь 1-30 хоног, 24.9 хувь нь гэрээсээ олон хоногоор хол явдаггүй, 11.4 хувь нь 155