“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ,
БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН
Тохиолдол 2.5.
Малчин эмэгтэйчүүдийн боловсрол, тэр дундаа эрүүл мэндийн боловсролыг
нэмэгдүүлмээр байна. Тухайлбал 2016 онд эхийн ноцтой хүндрэл гарч байсан. Манайх
жирэмсэн ээжийг амаржих хугацаа нь дөхөнгүүт сарын хугацаанд 2 удаа аймаг руу
хүргэж өгсөн. Сумын төвд амьдардаг, 3-4 хүүхэдтэй тэр ээж эхийн амрах байранд
хүргэмэгц буцаад харьчихдаг. Дахиад хүргээд өгөхөөр 20 хоног хэвтэж байгаад эхийн
амрах байрнаас оргоод сумын төвд ирээд маргааш нь амаржихдаа цус алдаж байсан...
(Дорнод аймгийн нэгэн сумын эрүүл мэндийн төвийн эмчтэй хийсэн ярилцлагаас)
Энэ мэт боловсрол, мэдээллийн хүртээмжийн асуудал аймаг, сум бүрт хөндөгдөж
байгаа бөгөөд төрийн нэгдсэн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй,
малчид өөрсдөө үүрэг хариуцлагаа ухамсарлах чадвар сул байгаагаас эрх нь
зөрчигдөх тохиолдол гарсаар байна. Үүний зэрэгцээ зарим аймаг өөрийн эрх
хэмжээний хүрээнд малчин эмэгтэйчүүдийг харилцан мэдээлэл солилцуулах,
нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулах зорилгоор шинэ санаачилгууд
хэрэгжүүлж байгааг сурталчлах, сэдэл өгөх үүднээс дараах тохиолдлуудыг жишээ
болгов.
Тохиолдол 2.6.
Сумандаа “Өөрчлөлтийг өөрөөсөө” хөтөлбөрийг 5 жилийн төлөвлөгөөтэй баталж
ажиллаж байна. Малчдыг аравтын системд шилжүүлж, гэрт нь хүн очдоггүй, хүнтэй
уулзаж чаддаггүй хүмүүст малчин эмэгтэйчүүдээр дамжуулан соёлжуулах ажлыг
эхлүүлсэн. Ингэж чадвал гэр бүлийн хүчирхийлэл зэрэг асуудал багасах болов уу гэж
найдаж байна. Энэхүү аравтын системд дандаа малчин эмэгтэйчүүд байдаг. Манайх 6
багтай учраас 6 аравтын системийн эхлэлийг тавьсан. Цаашдаа арав арван хүн
хариуцаад 600 хүнтэй болно.
(Хөвсгөл аймгийн нэгэн сумын төрийн албан хаагчидтай хийсэн ярилцлагаас)
Тохиолдол 2.7.
Манай аймаг Төлчин эмэгтэйчүүдийн чуулган зохион байгуулдаг. Эхний жил үр дүн муу
байсан. Чуулган болсон эхний өдрийн орой малчин эмэгтэйчүүдийн нөхрүүд нь архидах,
зодолдох гэх мэт зөрчил гаргасан. Зохих хариуцлагыг нь хүлээлгээд журамласны дараа
ийм зөрчил зогссон. Зарим малчин эмэгтэй нөхөртэйгээ ирж оролцдог болсон. Төлчин
эмэгтэйчүүдийн чуулганаас олон санал гардаг, их мэдээлэл солилцдог. Энэ нь ард
иргэдийг нийгэмшүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.
(Завхан аймгийн удирдлагуудтай хийсэн ярилцлагаас)
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 34 дүгээр
тогтоолоор “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг баталж, 2020-2024 онд
хэрэгжүүлэхээр болсныг сайшааж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд малчдыг
мэдлэгжүүлэх, мэдээллээр хангах аян өрнүүлэхээр төлөвлөсөн нь тэднийг мэдлэг,
ур чадвартай малчин болж төлөвшихөд чухал үр нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
2.4. Малчин эмэгтэйчүүдийн аж байдал, амьжиргааны нөхцөл, эдийн засгийн
эрх чөлөө
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх хэсэгт мал
аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг “малчин” гэж тодорхойлсон болно.
23