“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ,
БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН
БҮЛЭГ 1. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
1.1.
Судалгааны зорилго, зорилт
Хүний эрхийн зорилтот бүлгийн нэг болох малчид тэр дундаа алслагдсан аймаг, сум
дахь малчин эмэгтэйчүүдийн өнөөгийн нөхцөл байдал, тэдгээрийн хүчирхийллээс
ангид байх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтийн зарим
асуудлыг судалж, үнэлэх нь энэхүү судалгааны гол зорилго болно.
Энэ хүрээнд дараах зорилтыг дэвшүүлэв. Үүнд:
Зорилт 1
Малчин эмэгтэйчүүдийн гэрлэлт, боловсрол, амьжиргаа, орлогын эх үүсвэр,
хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хүндрэл бэрхшээл, нийгмийн даатгал болон эрүүл
мэндийн даатгалд хамрагдсан байдал, туслах малчны ажил, хөдөлмөртэй
холбоотой зарим асуудалд дүн шинжилгээ хийх;
Зорилт 2
Малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн
үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхийг баталгаажуулсан олон улсын хэм
хэмжээ үндэсний хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжилтийг үнэлэх;
Зорилт 3
Малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн
үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн өнөөгийн нөхцөл байдал,
чанар, хүртээмж, тулгамдсан асуудлыг тодорхойлж, цаашид авах арга хэмжээний
санал зөвлөмж боловсруулах;
1.2. Судалгааны арга, аргачлал
Судалгааг баримт бичгийн дүн шинжилгээ, харьцуулалт, ярилцлага, санал
асуулга зэрэг тоон болон чанарын судалгааны үндсэн аргуудад тулгуурлан явуулж,
нотолгоо, баримтжуулалтын аргыг хослуулан хийж гүйцэтгэв. Үүнд:
-
Баримт бичгийн шинжилгээгээр олон улсын хэм хэмжээ болон үндэсний хууль
тогтоомжийг харьцуулан судлах, судалгаагаар цуглуулсан мэдээлэл, бичиг
баримтад дүн шинжилгээ хийх;
-
Сонгон авсан аймаг, сумын удирдлага, Засаг даргын тамгын газрын албан
хаагчид, малчин эмэгтэйчүүдтэй ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийж,
социологийн шинжилгээний санал асуулга авах, дуу хураагуур, дүрс бичлэг, фото
зургаар баримтжуулах;
-
Комисст хандаж хууль зүйн зөвлөгөө авсан малчин эмэгтэйчүүдийн талаарх
мэдээлэл болон судалгаагаар цуглуулсан кейс, тохиолдлыг шинжлэн судлах;
10