22
ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 217/А/
III/ тогтоолоор баталсан Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, Хүүхдийн эрхийн тухай
1924 оны Женевын тунхаглал, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1959 онд баталсан
Хүүхдийн эрхийн тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын
пакт, Хүүхдийн эрхийн тухай конвенц зэрэг олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр
хүүхэд бол эрх зүйн бие даасан субъект мөн хэмээн үзэж, хүүхдийн эрхийг эрхэмлэн
хүндэтгэж, хамгаалах асуудлыг тунхаглан баталгаажуулсан.
Хүүхдийн эрхийн тухай конвенцын 1 дүгээр зүйлд “хуулийн дагуу 18 наснаас
өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд” гэж
үзэхээр заасан бол Хүүхэд хамгааллын тухай хуульд “Монгол Улсын иргэнийг
төрсөн цагаас эхлэн 18 нас хүртэл, ��схүл Монгол Улсын олон улсын гэрээнд заасан
тохиолдолд 18 наснаас дээш 21 нас хүртэл хүүхэд” гэж тооцон хамгаалахаар
зохицуулжээ. Харин Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтад “...
хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж заасан.
Энэ бүлэгт Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай ОУХБ-ын 182
дугаар конвенц, түүний 190 дүгээр зөвлөмж, Хөдөлмөрийн насны доод хязгаарын
тухай ОУХБ-ын 138 дугаар конвенц, түүний 146 дугаар зөвлөмжийн зохицуулалтыг
үндэсний хууль тогтоомжид тусгасан байдлыг харьцуулан судалж, холбогдох санал,
зөвлөмжийг боловсруулав.
2.1. ОУХБ-ын 182 дугаар конвенц болон үндэсний хууль
тогтоомжийн дүн шинжилгээ
Энэхүү конвенцод нэгдэн орсноор манай улсын хөдөлмөрийн харилцаанд
тодорхой өөрчлөлт гарч тухайн үед батлагдаад удаагүй байсан Хөдөлмөрийн тухай
хууль, холбогдох бусад хууль тогтоомжид конвенцын зүйл заалтад нийцүүлэн
нэмэлт өөрчлөлт хийсэн нь сайшаалтай байна. Гэвч энэхүү конвенцод нэгдэн орсны
дараа хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг зайлшгүй хөндөн тусгавал зохих зарим
бодлого, эрх зүйн зохицуулалтад оруулахгүй орхигдуулсан тал ч байна. Тухайлбал
УИХ-аас 2016 онд баталсан Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын
тухай хуулиудад хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тусгайлсан зохицуулалт
агуулаагүй байна.
Монгол Улсад хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах чиглэлээр
дараах бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ.Үүнд:
1. Засгийн газрын 2005 оны 234 дүгээр тогтоолоор баталсан “Хүн худалдах
ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас
хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг 2014 онд хэрэгжүүлж дууссан;