ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТ Өөрөө засан тогтнох эрх 1 дүгээр зүйл 8. Монгол Улс ардын хувьсгал ялсан анхны өдрөөс эхлэн, тусгаар тогтнолоо зарлаж, бүх улс орныг өөрийн эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлөө хангах, улс төрийн эрх мэдлээ чөлөөтэй тогтоох буюу өөртөө засан тогтнох эрхийг хэлбэрэлтгүй дэмжиж ирсэн. 9. Ардын хувьсгал ялснаас 3 жилийн дараа буюу 1924 онд МАХН-ын 3-р их хурал хуралдаж, Монгол Улс капитализмыг алгасаж социализмд шилжих, капиталист бус хөгжлийн замыг сонгосон. Энэ онд анхдугаар Ардын Их Хурал хуралдаж, БНМАУ-ыг зарлан тунхаглаж, Монголын ард түмний тусгаар тогтнолыг хуульчлан баталгаажуулсан анхны, хувьсалт, ардчилсан, Үндсэн хуулийг баталсан. 10. Ардын засгийн жилүүдэд улс орны нийгэм эдийн засагт гүнзгий өөрчлөлтүүд гарч, социалист бүтээн байгуулалтад том амжилтууд гарсан. 11. Энэ жилүүдэд юуны өмнө Монголын ард түмний соёлын түвшин, аж амьдрал дээшилж, улс орны эдийн засгийн хүчин чадал өссөн. 12. БНМАУ-ын энх тайванч гадаад бодлогын мөн чанар нь колоничлол, арьсны үзэл, аппартеидийн эсрэг, улс үндэстнээ чөлөөлөх гэсэн ард түмний шударга тэмцлийг дэмжих явдал мөн. Монгол Улс тэдгээр ард түмний тухайлбал өөртөө засан тогтнох, тусгаар тогтнох салшгүй эрхийнхээ төлөө тэмцэж буй Намибийн ард түмний талд хэлбэрэлтгүй зогсож байна. 13. Монгол Улс Намибийн асуудлыг зохицуулах тухай НҮБ-ын шийдвэр тогтоолыг үргэлж дэмжиж, мөрдөж ирсэн. Монгол Улс Өмнөд Африкийн арьсны үзэлтнүүдийн дэглэмтэй ямар ч харилцаа тогтоодоггүй ба тэдэнтэй янз бүрийн салбарт хамтран ажиллаж буй улс орныг зэмлэн буруушаадаг. 14. ӨАБНУ-ын арьсны үзэлт дэглэм Намибийг хууль бусаар булаан эзэлснийг БНМАУ шийдвэртэй буруушаан, энэ асуудлаарх НҮБ-ын шийдвэр, аюулгүйн зөвлөлийн 435-р тогтоолын дагуу энэ газар нутагт жинхэнэ тусгаар тогтнолыг яаралтай олгохыг дэмжиж байна. 15. БНМАУ ойрх дорнодод жинхэнэ энх тайван тогтоох, өөрсдийнхөө салшгүй эрхийг эдлэхийн төлөө империалист харгис хүчний эсрэг Палестины ард түмний тэмцлийг дэмжиж байна. 16. Ойрх дорнодын бүх асуудлыг зохицуулах асуудал сонирхогч бүх талын хамтын хүчин чармайлтаар хэрэгжинэ гэж үзэж байна. Энэ нь Палестины Арабын ард түмний хууль ёсны үндэсний эрхээ хэрэгжүүлэх үүний дотор өөрсдийн төр улсаа байгуулах бусад эрхийг ч харгалзан үзэх ёстой. 17. БНМАУ өөртөө засан тогтнох эрхээ хэрэгжүүлэх, үндэсний эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж буй бусад бүх ард түмний талд баттай зогсож байна. 27

Select target paragraph3