НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
71. Хуульд гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл бүхий сэжиг байвал тухайн
этгээдийг саатуулж болно гэж заажээ. ЭБШ хуулиар хэрэг бүртгэх байгууллага хорих
ял оноож болох гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг дор дурдсан үндэслэлийн аль
нэг нь байвал саатуулах эрхтэй гэж тогтоосон. Үүнд:
а. Гэмт этгээдийг гэмт хэрэг үйлдэж байх үед буюу үйлдсэн дор нь барьсан
б. Тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн болохыг хохирогч болон үзсэн гэрчүүд
шууд заасан тохиолдолд
в. Сэжигтэн биед буюу хувцсан дээр, эсхүл түүний ойролцоо буюу орон
байранд гэмт хэргийн тодорхой ул мөр илэрсэн үед (137-р зүйл).
72. Мөрдөн байцаагч болон хэрэг бүртгэгч саатуулсан үндэслэл, шалтгааныг
заасан саатуулсан тухай тэмдэглэл үйлдэж, энэ тухай прокурорт 24 цагийн дотор
мэдэгдэх үүрэгтэй. Прокурор мэдэгдлийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор
саатуулагдсан этгээдийг суллах буюу цагдан хорих зөвшөөрөл олгох үүрэгтэй.
73. БНМАУ-ын ЭБШ хуулийн 94-р зүйлд онц аюултай болон аюултай гэмт хэрэг
үйлдсэн, нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оноож болохоор хуульд заагдсан
гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ
хэрэглэж болохоор тусгагдсан.
74. ЭБШ хуулийн 89-р зүйлд таслан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй хэрэглэх
тухай асуудлыг шийдвэрлэхдээ тулгаж буй ялын хүнд хөнгөн, яллагдагчийн ажил
төрлийн байдал, нас, эрүүл мэндийн болон гэр бүлийн нөхцөл байдал зэргийг
харгалзан үзнэ. Таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх тухай тогтоолд тухайн этгээд
ямар гэмт хэрэгт сэжиглэгдэж, яллагдаж байгаа болон таслан сэргийлэх арга хэмжээ
хэрэглэх болсон үндэслэлийг заасан байх ёстой (ЭБШ хуулийн 90-р зүйл). Энэхүү
тогтоол магадлалыг тухайн этгээдэд танилцуулна.
75. БНМАУ-ын ЭБШ хуулийн 148-р зүйлд яллагдагчаар татах тухай тогтоол
гарснаас хойш хоёр хоногийн дотор, бүх тохиолдолд яллагдагчийг албадан авчирсан
буюу ирсэн өдөр нь ял сонсгох ёстой гэж заасан. Мөрдөн байцаагч сонсгож буй ялын
мөн чанарыг тайлбарлаж өгөх үүрэгтэй.
76. Мөрдөн байцаах байгууллага, прокурор, шүүх байцаан шийтгэх ажиллагааны
бүх шатанд цагдан хорих арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх нөхцөл байдал хэвээр
байгаа эсэхийг судлан үзэх үүрэгтэй (ЭБШ хуулийн 99-р зүйл). Таслан сэргийлэх
арга хэмжээг авах болсон шалтгаан арилбал таслан сэргийлэх арга хэмжээг өөр
хөнгөн арга хэмжээгээр солих буюу хүчингүй болгох ёстой.
77. Социалист хууль ёсны энэрэнгүй шинж чанар нь хэрэг бүртгэх байгууллага,
мөрдөн байцаагч, прокурор, шүүх хоригдсон этгээдийн бага насны болон түүний
асрамжид байсан хүмүүс хяналтгүй үлдэхгүй байх, хоригдсон этгээдийн эд хөрөнгө,
орон сууцыг хамгаалах холбогдох арга хэмжээг авсан байх үүрэгтэй (ЭБШ хууль 96-р
зүйл). Хоригдсон этгээдийн орон сууц ашиглах эрх нь хэвээр хадгалагдана гэсэн нь
социалист хууль ёсны энэрэнгүй шинж чанарын илрэл юм.
36