ОРОЛЦООГ ХАНГАХ, ТЭГШ ХАМРУУЛАХ ЗАРЧИМ
Оролцоог хангах, тэгш хамруулах зарчмыг хүний эрхийн хэд хэдэн баримт
бичигт тусгаж баталгаажуулсан байдаг. Хөгжлийн үйл ажиллагаанд бүх бүлэгт
идэвхтэй бөгөөд чөлөөтэй оролцон, тэгш хамрагдаж, хөгжлийн үр шимийг бүгд тэгш
хүртэх нь хүний үндсэн эрх, эрх чөлөө мөн гэж үздэг. Энэ эрхийг хэрэгжүүлэхэд
хүн бүр хөгжлийн үр шимийг хүртэх эзэмшигч гэдгээ мэдэрч, хөгжлийн үйл явцад
оролцох боломжтой байх ёстой.
Оролцоог хангах, чадавхжуулах үйл ажиллагаа нь хоорондоо нягт холбоотой.
Оролцоог хангахдаа зөвхөн зөвлөн туслах бус, бүх хүнийг бодитоор чадавхжуулж,
тэдэнд шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох бодит боломж олгох нь зүйтэй.
Шаардлагатай бол нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай, эмзэг
бүлгийг тусгайлан оролцуулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх
замаар жишиг тогтоож болно. Нөхөн үржихүйн эрхийн асуудлаар оролцоог
хангахдаа эмэгтэйчүүдийн, ялангуяа өсвөр насны охидын оролцоонд анхаарах
нь чухал юм. Өсвөр насны хөвгүүд болон залуу эрэгтэйчүүдийн оролцоо чухал
тул жирэмслэлтээс хамгаалах, жендэрийн үүрэг оролцоог тодорхойлох зэрэг
үйл ажиллагаанд тэднийг оролцуулах нь зүйтэй. Эмэгтэйчүүдэд өөрийн бие
махбодтой холбоотой асуудлыг бие даан чөлөөтэй шийдвэрлэх ур чадварыг суулган
чадавхжуулах, харин эрэгтэйчүүдэд жендэрийн тэгш байдлыг хангах талаар
ойлгуулан чадавхжуулах нь чухал байна.
Чадавхжуулах үйл ажиллагаа үр дүнтэй байвал тухайн асуудлаар оролцоог
хангах, хариуцлагыг сайжруулах үйл ажиллагааны үр дүнд сайнаар нөлөөлнө. Иймд
нөхөн үржихүйн эрхийн асуудлаар хэрэгжүүлэх стратеги, зорилгыг боловсруулж
батлахад эдгээрээс ашиг хүртэгчид, эрх ашиг нь хөндөгдөх этгээдэд болон хамтран
ажиллах этгээдийн оролцох шаардлагатай учраас үйлчилгээ үзүүлэгч талын
хариуцлагыг орхигдуулж болохгүй. Чадавхжуулах үйл ажиллагаа нь хүрэх үр дүнд
нөлөөлөөд зогсохгүй тухайн үр дүнд хүрэхээр тэмүүлж байгаа байгууллагын үйл
ажиллагааны холбогдох бүх үйл явцад сайнаар нөлөөлдөг.
Оролцоог хангах үйл ажиллагааг зорилгод хүрэх арга зам гэж үзэхээс гадна
энэ үйл ажиллагаа нь өөрөө нөхөн үржихүйн эрхийн нэгэн зорилго болж байдаг.
Учир нь эрх ашиг нь хохирч байгаа хүн оролцож байгаа нь нөхцөл байдлыг
өөрчлөхөөр нэгэнт шийдсэн гэсэн үг юм. Иймд оролцоог хангах нь нөхөн үржихүйн
эрхийг хэрэгжүүлэх маш чухал үйл ажиллагаа байдаг.
Харин шаардлагатай мэдээлэл аваагүй иргэд чадавхжуулах үйл ажиллагаанд
хамрагдах, оролцох боломжгүй бол чадавхжуулах үйл ажиллагааны эхэнд
мэдээлэл авах эрхийг хангах арга хэмжээ авах нь зүйтэй. Нөхөн үржихүйн эрхтэй
холбоотойгоор ХДХВ/ДОХ болон БЗХӨ, умайн хүзүүний хавдар, гэр бүл төлөвлөлт,
жирэмсэн үеийн болон төрсний дараах асаргаа сувилгааны тухай мэдээллийг
хүртээмжтэй хүргэх нь зүйтэй. Мөн төрийн холбогдох бодлого, төсвийн төлөвлөлт,
төрөөс гаргах төсөв зардал зэрэг мэдээллийг ил тод байлгах нь шийдвэр гаргах
үйл явцад болон мониторинг, судалгаа хийхэд хариуцлагатай бөгөөд үр дүнтэй
оролцох урьдач нөхцөл болдгийг анхаарах нь зүйтэй юм. Бэлгийн болон нөхөн
үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг бүс нутгийн, үндэсний, орон нутгийн
байгууллагуудын үйл ажиллагаа нь бүх нийтэд хүртээмжтэй байх ёстой. Нөхөн
үржихүйн эрхтэй холбоотой мэдээлэл нь шаардлагатай үед авч болохуйц, ил тод,
хэлбэр болон бичсэн хэлний хувьд эмзэг бүлгийн, бичиг үсэггүй зэрэг хүн бүрт
хүртээмжтэй байх нь зүйтэй.
74
Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага
Бие даан хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөртөө ХЭҮБ нь нийгмийн дэмжлэг
туслалцаа шаардлагатай бүлэг болон эрх ашиг нь хөндөгдөх бүх талуудын оролцоог
хангах шаардлагатай. Нөхөн үржихүйн эрхийн асуудлаар төрөөс боловсруулж,
хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт оролцоог ийм байдлаар хангаж, чадавхжуулах
үйл ажиллагааг зөв зохистой хэрэгжүүлж байгаа эсэхийг ХЭҮБ анхаарах нь зүйтэй
байна.
ХАРИУЦЛАГЫГ ӨНДӨРЖҮҮЛЭХ, ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЗАРЧИМ
Төр болон бусад үүрэг хүлээгчид нь хүний эрхийн баримт бичигт тусган
хамгаалсан хууль тогтоомж, стандарт хэм хэмжээг хэрэгжүүлэх ёстой. Үүрэг
хүлээгчид үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд эрх эдлэгчид нь хуулийн дагуу
эрх бүхий шүүх, ХЭҮБ, захиргааны байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлүүлэх
эрхтэй бөгөөд хүний эрхийн хэм хэмжээ, стандартыг зөрчсөн этгээд хуулийн дагуу
хариуцлага хүлээх ёстой. Төрийн бодлогыг төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх
бүх үйл явц ил тод байж, эрх эдлэгчид энэхүү үйл явцын аль ч үе шатанд холбогдох
этгээдэд хариуцлага тооцуулах боломжтой байх ёстой.
Үүнээс чиг үүрэг, хариуцлага тодорхой байх, шийдвэр гаргах үйл явц болон
шалгуурыг ил тод байх, мэдээлэл нээлттэй байх, хариуцлага шаардах механизм
аливаа үр дүнтэй байх шаардлага урган гарна. Эдгээр урьдач нөхцөлөөс гадна эрх
эдлэгчдийг чадавхжуулж өөрт олгогдсон (оролцох, хариуцлага шаардах зэрэг) арга
зам, боломжийг ашигладаг хандлагыг хэвшүүлэх нь зүйтэй.
Эрх эдлэгч, үүрэг хүлээгчийн хоорондын харилцаанд хариуцлага шаардах нь
чухал бол үүрэг хүлээгчид хоорондын харилцаанд энэ хариуцлага шаардах нь чухал
асуудал байдаг.
Эрүүл мэндийн байгууллага, тэр дундаа нөхөн үржихүйн эрүүл мэндийн
үйлчилгээ үзүүлдэг байгууллагад эмч, эрүүл мэндийн ажилтнууд болон
үйлчлүүлэгчийн хоорондын харилцаа нь тухайн байгууллагын болон салбарын
хариуцлагатай шууд холбоотой байдаг. Бразил Улсын Засгийн газраас Сиара
хотод төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага болон иргэн гэсэн гурван
талын харилцааг сайжруулах үйл ажиллагаа явуулжээ. Ингэхдээ зөвхөн тус хотын
захиргаа нь энэ үйл ажиллагаанд хөрөнгө оруулж хамтран ажиллаж, иргэдийн
зүгээс ийм шаардлагыг хотын захиргаанд хүргүүлсэн тохиолдолд үйл ажиллагааг
эхлүүлнэ гэж мэдэгджээ. Уг үйл ажиллагааны явцад иргэдийн хүсэж байгаа ур
чадвартай эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг иргэдэд нээлттэй, ил тод байдлаар
сонгон шалгаруулж авсан бөгөөд сонгон авсан эрүүл мэндийн ажилтнуудыг сургаж,
чиглэл өгч, ёс зүйг нь сайжруулах тараах материалаар хангажээ.
Энэ үйл ажиллагааны үр дүнд оролцогч талууд бүгд үр ашиг хүртсэн бөгөөд
удирдах шатны эмч, эрүүл мэндийн ажилтнууд болон нутгийн удирдлагын зүгээс
сөргөөр нөлөөлөхөөс урьдчилан сэргийлж чадсан байна.8
ХЭҮБ нь хариуцлагыг өндөржүүлэх, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэхдээ
гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх, түүнчлэн холбогдох шийдвэр, зөвлөмж,
шаардлагыг төрийн байгууллагууд хэрэгжүүлж байгаа эсэхийг хянан шалгах замаар
ажиллах боломжтой.
8
Жеорж Аша, “Эрүүл мэндийн үйлчилгээний хариуцлагатай байдал ба харилцаа болон агуулгыг
өөрчлөх нь”, Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Хүн ам, хөгжлийн төв,
Судалгааны ажлууд цуврал, 13 дугаар боть, 2003 оны 1 дэх дугаар.
Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь
75