ТЭМДЭГЛЭЛ
4.1. ХЭСЭГ - ЯМАР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СОНГОХ ВЭ?
Хэвлэн нийтлэх олон тооны платформ сэтгүүлчдэд бий. Бүтээлээ олон хүнд
хүргэж, хамгийн их үр нөлөө үзүүлэхэд ашиглаж болох арга хэрэгслийн талаар
эртнээс бодож үзэх нь зөв юм.
Та зөвхөн нэгийг нь сонгох хэрэггүй. Сонин, цахим сайт, телевиз зэрэг өөр өөр
платформд бүтээлээ янз бүрийн хэлбэрээр нийтэлж, нэвтрүүлж болно.
A. ЦАХИМ САЙТ
Хэвлэл мэдээллийн бүх хэрэгслүүд нь цахим сайттай бол зарим нь зөвхөн
мэдээллийн цахим сайт хэлбэрээр ажилладаг. Гэсэн ч эдгээр цахим сайт нь
текст, зураг түгээдэгтэйгээ адилхан видео, аудио сурвалжилгыг хялбархан
нийтэлж чадна. Сурвалжилга, нэвтрүүлгээ бүтээх явцдаа нийтлэл дотор болон
хажууд нь нийтлэх боломжтой гэрэл зураг, аудио, видео бичлэгийн талаар
анхаарах хэрэгтэй.
Зураг, инфографик, газрын зураг, аудио, видео клип зэрэг дүрслэлийн
элементийг урт текстэй өгүүлэлд оруулсан цахим нийтлэлийн шинэ хэлбэрийг
“урт бичвэр” гэж нэрлэдэг. Энэ хослол нь нийтлэлийн форматыг маш
сонирхолтой болгодог. Ялангуяа сонин сэтгүүлийн бүрэн хэмжээний болон
эрэн сурвалжлах нийтлэлд илүү тохиромжтой байдаг.
Б. НИЙГМИЙН СҮЛЖЭЭ
Хэвлэл мэдээллийн байгууллагуудын олонхи нь Фэйсбүүк, Tвитэр, Инстаграм
зэрэг нийгмийн сүлжээний хэрэгслийг өргөнөөр ашигладаг. Ихэнхдээ
нийгмийн сүлжээг үзэгчдийг татах, хандалт нэмэх арга зам гэж үздэг ч
тэдгээрийг бүтээл нийтэлж, нэвтрүүлэхэд мөн адил ашиглаж болно.
Зарим сурвалжлагчид твитэрт урт ярвигтай мэдээг өгүүлэхдээ ухаалаг
аргуудыг хэрэглэдэг байна. Тухайлбал цуврал жиргээгээр 2, 3 өгүүлбэрээс
хэтрэхгүй богино зурвас түгээж, түүндээ ихэвчлэн зураг эсвэл богино дүрс
бичлэг дагалдуулна.
Инстаграмаар зураг, богино видеог хуваалцахад тохиромжтой. Мэдээжээр
ярилцлага өгсөн хүмүүсийн зургийг тэдний зөвшөөрөлтэй цувралаар нийтлэх
боломжтой.
Ялангуяа таны мэдээнд дурдагдаж буй хүн эсвэл байгууллагаас тодорхой хариу
үйлдэл хүсэж байгаа үед нийгмийн сүлжээний агшин зуурын шинж чанар нь
нэлээд хүчтэй нөлөө үзүүлдэг. Твитэр ашиглан төрийн эрх мэдэлтнүүдэд нөхцөл
байдлыг ойлгуулснаар тэдний зүгээс хурдан шуурхай арга хэмжээ авч, албадан
хөдөлмөр, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод хэрхэн тусалж болохыг
сүүлийн үеийн жишээнүүд харуулж байна.
Гэсэн ч нийгмийн сүлжээг ёс зүйтэй, ёс зүйгүй ажилд зуучлагч нар ашиглаж,
ажиллуулдаг тул албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд
шударга зохистой ажиллагааны аль алинд хүргэдэг орчин гэж үзэх нь зүйтэй юм.
Олон хүн нийгмийн сүлжээгээр ажлын байраа хайж байгаа нь эдгээр платформд
чанартай сурвалжилга нийтлэх ёстой гэсэн санааг бататгаж өгдөг.
40
| Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд
шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь