ТЭМДЭГЛЭЛ
Б. ХҮМҮҮС ХЭРХЭН УРХИНД ОРДОГ ВЭ?
Зарим ажиллагчид ялгаварлан гадуурхалтад өртдөг (жишээ нь цөөнх),
эсвэл бусдаас тусгаарлагдсан байдаг (жишээ нь цагаач ажилчид) зэргээс
шалтгаалж албадан хөдөлмөрт илүү их өртөх магадлалтай. Тухайлбал гэрийн
үйлчилгээний ажилчид зэрэг нүднээс далд, хаалттай хаалганы цаана хөдөлмөр
эрхэлж байгаа хүмүүсийн эрх нь зөрчигдөх, хүчирхийлэлд өртөх өндөр
эрсдэлтэй юм.
В. АЛЬ САЛБАРТ ЯМАР ТӨРЛИЙН АЖИЛ ВЭ?
Хөдөлмөрийн зах зээл дэх албан болон албан бус салбарын алинд нь ч
албадан хөдөлмөр илэрч болох бөгөөд ихэвчлэн бага цалин хөлстэй ажилд
зүй бус үйлдэл, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх магадлал их байна.
Г. АЖИЛД ЗУУЧЛАХ, АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ПРАКТИК
Албадлага хэрэглэсэн эсэх нь ихэвчлэн илэрхий мэдэгддэггүй бөгөөд
илрүүлэхэд хэцүү байдаг. Харин албадан хөдөлмөрлүүлэх үед худал амлалт
өгөх зэргээр хууран мэхэлж ажилд зуучлах, авах явдал элбэг байна. Цагаач
ажилчдын хувьд ажлын байрны мэдээллийн цорын ганц эх сурвалж хувийн
болон албан бус зуучлагчид юм. Энэ нь тэдэнд ажлын байрны мөн чанар,
хөдөлмөрийн нөхцөлийн талаар худал мэдээлэл өгөхөд амар байдаг.
Монгол Улсад Засгийн газар ажилд зуучлах, авах үйл ажиллагааг эрхлэх нь
бага боловч энэ чиглэлээр зохицуулах, хяналт тавихад голлох үүргийг
гүйцэтгэдэг. Засгийн газар хүлээн авагч улс оронтой ��нэ чиглэлээр хоёр талт
гэрээ байгуулах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах, үйлдвэрлэлийн дадлага
хийлгэх, зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд
нь хяналт тавих зэрэг үүрэгтэй байна. Гэсэн хэдий ч ажил хайгч болон
гадаадад цагаачлан ажиллах хүсэлтэй иргэдийн хувьд ажилд зуучлах, авах
харилцаанд шударга бус хандах, эрх нь зөрчигдөх эрсдэл өндөр байна.
Д. ЯЛ ЗАВШИХ БА АШИГ ОРЛОГО
Хууль бус ажилд зуучлагчид болон ажил олгогчид асар их хууль бус ашиг
олж авдаг бөгөөд тэд мөрдөн байцаалтад өртөлгүй, ял шийтгэлээс мултарч
чадахуйц хэмжээнд хүчирхийлэл үйлдэх орчинг бүрдүүлэхэд гаршсан байдаг.
Хохирогчид болон тэдний гэр бүл орлогын эх үүсвэрээ алдаж, үүний үр дүнд
ядуурлаас гарах боломжгүй болно. Энэ нь шударга бус өрсөлдөөнийг ёс
зүйтэй компаниудын хувьд бий болгож, улмаар бүхэл бүтэн салбарын нэр
хүндэд халтай болдог. Тиймээс энэ асуудлыг ажилд зуучлагч, ажил олгогч,
хууль тогтоогч зэрэг бүх талын оролцоотой шийдвэрлэх ёстой. Ингэвэл талууд
өөрсдийн үүрэг хариуцлагад нухацтай хандаж, хуулийг дагаж мөрддөг.
Е. АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН БА АЛБАДАН ХӨДӨЛМӨРИЙН ЭРСДЭЛ
Цагаач ажилчид албадан хөдөлмөрт хамгийн өртөмтгий бүлгийн нэг юм.
Өөрийн улс дотор, эсвэл гадаадад байгаагаас үл хамаарч албадан хөдөлмөрт
өртөгчдийн 44 орчим хувь нь цагаач ажилчид байна. Эдгээр ажиллагчид нь эх
орноо орхиж өөр улсад очоод, ялангуяа тухайн улсын хэлээр ярьж чаддаггүй
тохиолдолд хөдөлмөрийн мөлжлөгт илүү өртөх болдог.
Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага |
3