8 ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА 1.1 Судалгааны үндэслэл Монгол Улс 1990 оны эхэн үед зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотойгоор нийгмийн бүхий л салбарыг хамарсан хямрал, өөрчлөлтөөс шалтгаалан хүүхдийн нас, биеийн онцлогт үл тохирох ажил, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хурцаар тавигдаж эхэлсэн. 2020 оны байдлаар 0-18 насны хүүхдүүдийн 10 орчим хувийг эзлэх 56,000 гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн дийлэнх нь хөдөө аж ахуй, барилга, уул уурхай, худалдаа үйлчилгээний салбарт байна. Хот, суурин газартай харьцуулахад аймаг, орон нутагт амьжиргааны түвшин доогуур өрх олон байхын хэрээр хүүхдүүд хөдөлмөр эрхлэх нь илүү байгааг статистик тоо баримт харуулдаг. Монгол Улс Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай ОУХБ-ын 182 дугаар конвенцод 2001 онд, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай ОУХБын 1З8 дугаар конвенцод 2002 онд тус тус нэгдэн орж, Хөдөлмөрийн тухай (1999) хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тухайн бүр хийсээр иржээ. Мөн Засгийн газрын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 303 дугаар тогтоолоор “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөр” (2008-2012)-ийг баталсан нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн хэлбэрүүдийг устгахад чиглэсэн анхны бодлогын баримт бичиг байжээ. Эрх зүйн эдгээр зохицуулалтад үндэслэн насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар 1999 онд баталсан бөгөөд үүнийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд 2008 онд, Хөдөлмөрийн сайд 2016 онд тус тус шинэчлэн баталжээ. Мөн Эрүүгийн хуулийн 16.10 дугаар зүйлд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх явдлыг гэмт хэрэгт тооцсон нь хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн томоохон алхам болсон. Өнгөрсөн хугацаанд ОУХБ-ын зүгээс уг асуудлын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хүүхдийн хөдөлмөртэй холбоотой үндэсний хэмжээний судалгаа, шинжилгээг дэмжиж, бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд хувь нэмрээ оруулж иржээ. Гэсэн хэдий ч хүүхдийн хөдөлмөрийг мөлжих, тэдний эрхийг зөрчин ажил, хөдөлмөр эрхлүүлэх байдал цөөнгүй гарч байна. Энэ нь ажил олгогчид болон гэр бүл, насанд хүрэгчдийн мэдлэг, мэдээлэл дутмаг, эсхүл тэдэнд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо сайн биш байгаатай холбоотой гэж үзэн судлаачид таамаглан дэвшүүлэн нотлох зорилгоор уг судалгааг хийлээ.

اختر الفقرة المستهدفة3