Хүний эрхийн боловсрол. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гарын авлага ӨМНӨХ ҮГ Хүмүүс эрхээ шаардах, зөрчигдсөн үед сэргээн эдлэхийн тулд юуны өмнө эрхээ ойлгож мэдэх шаардлагатай. Төр, түүний байгууллага, үүрэг хүлээгчид нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хүний эрхийг зохих ёсоор хүндэтгэж, хангаж, хамгаалахын тулд сургалтад хамрагдах, мэргэжил дээшлүүлэх шаардлагатай болдог. Хүний эрхийн боловсрол нь хүний эрхийн зөрчлөөс насан туршид урьдчилан сэргийлж чадна. Хүний эрхийг дээдлэх соёлыг бүтээх нь шударга, зүй ёсны нийгмийг байгуулах чухал хөрөнгө оруулалт юм. Хүний эрхийн үндэсний байгууллагууд (ХЭҮБ) нь өөрийн улсдаа хүний эрхийн боловсролыг хөгжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх бөгөөд энэ нь тэдний бүрэн эрхийн нэг хэсэг юм. Парисын зарчимд хүний эрхийн үндэсний байгууллагууд нь “хүний эрхийг ерөнхий боловсролын сургууль, их сургууль, мэргэжлийн байгууллагуудад хэрэгжүүлэх судалгаа хийх, сургалт зохион байгуулахыг дэмжих” чиг үүрэг хүлээнэ гэж заасан байдаг. Саяхан батлагдсан НҮБ-ын Хүний эрхийн боловсрол, сургалтын тунхаглалд хүний эрхийн үндэсний байгууллагууд нь “хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус оролцогчдыг татан оролцуулах зэргээр хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжихэд шийдвэрлэх, зарим тохиолдолд зохицуулах үүргийг гүйцэтгэнэ” хэмээн зааж өгсөн байдаг. Ази-Номхон далайн бүс нутаг дахь хүний эрхийн үндэсний байгууллагууд өргөн хүрээний оролцогчдод хүний эрхийн боловсрол олгож ирсэн арвин баялаг туршлагатай билээ. Зарим байгууллагууд хүний эрхийн эрх зүйн чиглэлээр, зарим нь цэрэг, цагдаа зэрэг хууль сахиулах ажилтнуудад сургалт зохион байгуулдаг. Мөн үндэсний хэмжээний сургуулийн хөтөлбөрт хүний эрхийн хөтөлбөрийг нэгтгэх ажлыг хэрэгжүүлдэг. Мэдээж хүний эрхийн төлөө нөлөөллийн ажил зохион байгуулах, эрх нь зөрчигдсөн иргэдэд туслахын тулд иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх олон тооны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Шинэ технологи хөгжихийн хирээр, хүний эрхийн үндэсний байгууллагууд хүний эрхийн мэдлэг, чадвар, түүх болон цаашдын чиг хандлагыг дэвшилтэт арга замар түгээн дэлгэрүүлэх, бусад бүлгүүдэд хүргэх ажил үргэлжилсээр байна. Энэхүү гарын авлага нь үр дүнтэй хүний эрхийн боловсрол олгоход зайлшгүй шаардлагатай зарчим, практикийг хамтдаа эрж хайх зорилготой билээ. Үүгээр дамжуулан хүний эрхийн үндэсний байгууллагуудад хүний эрхийн боловсролын хөтөлбөрөө төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэхэд шаардлагатай онол арга зүйг түгээх, мөн Ази-Номхон далайн бүс нутаг дахь хүний эрхийн талаарх сайн туршлагуудыг хуваалцахыг зорьж байна. Миний бие энэхүү гарын авлага нь хүний эрхийн үндэсний байгууллагуудын эрхэм чухал ажил үйлсэд ихээхэн тус нэмэр болно хэмээн найдаж байна. Кирен Фицпатрик, Ази-Номхон далайн бүсийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганы захирал, v

اختر الفقرة المستهدفة3