ҮР ДҮНГИЙН ХУРААНГУЙ
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн тухай конвенцод эмэгтэйчүүд аливаа
алагчлалгүйгээр эрэгтэйчүүдийн нэгэн адил эрх тэгш байдлаар бүх сонгуульд саналаа
өгөх, сонгогдвол зохих бүх байгууллагад сонгогдох, төрийн алба хаших болон үндэсний
хууль тогтоомжийн дагуу тогтоосон төрийн бүхий л үүргийг гүйцэтгэх зэрэг эрхүүдийг
баталгаажуулсан1. Тус конвенцын заалтууд нь Монгол Улсын Үндсэн хууль, Жендэрийн
эрх тэгш байдлыг хангах тухай, Төрийн албаны тухай, УИХ-ын сонгуулийн тухай, Аймаг,
нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний
Комиссын тухай хууль зэрэг үндэсний хууль тогтоомжид тусгалаа олжээ. 2021 онд
Монгол Улс Дэлхийн жендэрийн зөрүүтэй байдлын индексийн “Улс төрийн эрх мэдэл”
үзүүлэлтээр 0.122 оноогоор 116 дугаар байрт орсон нь хамгийн хангалтгүй үзүүлэлттэй
байна 2 . Мөн Олон улсын парламентын холбооны нэгдсэн мэдээллээс үзэхэд 2021 оны
байдлаар нийт улс орнуудын парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь нь дунджаар 25.8
хувьтай байхад Монгол Улсынх 17.1 хувь бөгөөд Азийн бүс нутгийн дунджаас 21 хувиас
доогуур үзүүлэлтэй байгаа нь харагдаж байна3.
Монгол Улсын нийт сонгогчдын 51 хувь нь эмэгтэйчүүд байгаагаас 2020 оны ИТХ-ын
сонгуульд саналаа өгсөн сонгогчдын 55.9 хувь нь эмэгтэйчүүд байв. Нэр дэвшсэн
эмэгтэйчүүдийн тоог авч үзвэл 2016 онд 129, 2020 онд 151 болсон нь өмнөх сонгуулийн жилтэй
харьцуулахад 17 хувиар өсжээ. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нийт
1106 төлөөлөгч байгаагаас 80.4 хувь нь эрэгтэй, 19.6 хувь нь эмэгтэй байна4.
Тоо баримтаар аймаг/нийслэлийн ИТХ-ын даргаар 2016-2019 онд нэг ч эмэгтэй хүн
сонгогдоогүй бол 2020 онд 2 эмэгтэй сонгогдсоноос үзэхэд орон нутгийн түвшинд
эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгааг харуулж байна. Түүнчлэн манай улсын дээд
боловсролтой эмэгтэйчүүдийн хувь өссөн үзүүлэлтэй байдаг хэдий ч шийдвэр гаргах түвшинд
ялангуяа хууль тогтоох дээд байгууллага болон Аймаг, нийслэлийн ИТХ-д Жендэрийн эрх
тэгш байдлын хуульд заасан квотуудын түвшинд хүрээгүй байсаар байна (Дүрс 1).
1
НҮБ-ын 1952 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн тухай
конвенцыг баталж, 1954 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүчин төгөлдөр болсноор Монгол Улс
1981 онд нэгдэн орсон. <https://legalinfo.mn/mn/detail/1293>
2
Я.Төгөлдөр, Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, жендэрийн эрх тэгш байдлыг
хангах зөвлөмжүүд/ Жендэр ба үндэсний чуулган/ 2021.11.09, Улаанбаатар.
3
IPU. (2021). Inter-Parliamentary Union. Retrieved from Woman in parliament in 2021:
https://www.ipu.org/our-impact/gender-equality
4
ҮСХ. (2021, 08 10). Монгол улсын статистикийн эмхэтгэл-2020. Улаанбаатар, Монгол.
1